Ирээдүйд нийлүүлэх нөхцөлөөр ус худалдаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-11 17:32:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д ирээдүйд нийлүүлэх нөхцөлөөр /фьючерс хэлцэл/ ус худалдаж эхэллээ гэж Bloomberg  агентлаг мэдээлэв.


Фьючерс хэлцлээр Калифорни муж улсад ус нийлүүлэх арилжаа даваа гарагт Чикагогийн хөрөнгийн бирж дээр эхэлжээ. Тухайлбал, гурван сарын хугацаатайгаар 12 сая гаруй тонн ус нийлүүлэх гэрээг худалдаж авах боломжтой байна. Даваа гаргийн арилжаагаар нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг акр фут (1233 шоо метр) нь 496 ам.долларын үнэ хүрчээ.


Энэ нь ийм төрлийн санхүүгийн анхны хэрэгсэл боловч АНУ-ын спот зах зээл дээр хэдэн жилийн турш ус худалдаж байгаа юм. Калифорнийн усны зах зээлийн нийт хэмжээ 1.1 тэрбум очим ам.доллароор үнэлэгддэг байна. 


Фьючерс хэлцлээр ус худалдах төлөвлөгөөг есдүгээр сард буюу АНУ-ын баруун эрэг түймэрт автаж, харин Калифорни муж улс найман жил үргэлжилсэн ган гачгаас дөнгөж ангижирч байх үед танилцуулжээ. Арилжааны энэ хэрэгсэл нь газар тариалан эрхлэгчид, цахилгаан эрчим хүчний компаниуд.зэрэг усыг хэмжээгээр хэрэглэгчдийг усны үнийн хэлбэлзлээс  хамгаалах зорилготой юм. Түүнчлэн фьючерс хэлцлүүд нь дэлхийн бүх хөрөнгө оруулагчийн хувьд усны хомсдолыг харуулах индикатор болж чадах гэнэ.


Калифорни муж улс хүн амынхаа тоогоор /39 сая гаруй/ АНУ-д нэгдүгээрт ордог бол газар нутгийн хэмжээгээрээ Аляск, Техас муж улсын дараа ордог байна. Калифорнид хөдөө аж ахуй хөгжсөн нь усны эрэлтийг нэмэгдүүлж байгаагийн нэг шалтгаан болжээ.


Холбоотой мэдээ