“Монголчууд гэртээ” хандивын тоглолтын санхүүжилтээс Дархан сумын 200 өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-13 13:42:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. МУЗН, "Монгол HD" ТВ, ХААН банк, VEP продакшны хамтран зохион байгуулсан “Монголчууд гэртээ” онлайн тоглолтоос цугласан хандивыг зорилтот бүлгийн иргэдэд зориулж байгаа. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын /НААҮГ/ тохижилт үйлчилгээний 120 ажилтан, Улаан загалмайн хорооны цахим хуудсаар хандсан болон утсаар ярьж хүсэлт ирүүлсэн 80 иргэн нийт 200 өрхийн 768 хүнд 12.000.000 төгрөгийн хүнсний тусламжийг олголоо.

Дархан сумын 200 өрхөд тусламж тараахад дэмжлэг үзүүлэх ажилд Улаан загалмайн 13 дугаар багийн анхан шатны хороо, "Онцгой гишүүн хүмүүнлэг гэр бүл" Д.Баянцогт, А.Цолмон, Ц.Цэцэгмаа ахлагчтай "Ариусгал" баг, Д.Бадамгарав ахлагчтай "Шударга" баг, Д.Таня ахлагчтай "Сэтгэлийн дэм" баг, С.Алдармаа ахлагчтай "Халамжлагч" багийн сайн дурын идэвхтнүүд оролцож, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хүргэх тусламжийг өгөхөд хамтран ажиллажээ.

Түүнчлэн коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Улаан загалмайн хорооноос асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх, өрхийн орлого бүрэн зогссон, харгалзах хүнгүй өнчин хүүхдүүд, асрагч нар нь хөл хорионд орсон гэр бүлийн хүүхдүүд зэрэг шалгуур үзүүлэлтээр сонгож, хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Улаан загалмайн хорооноос Сүрьеэгийн диспансерт бүртгэлтэй иргэдэд хүнсний тусламж үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ