Эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-15 22:48:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас хойш Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал нэг дахин нэмэгджээ.


Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүсээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн өгч байгаа мэдээллээр, ердийн үеийнхээс энэ сарын 14-ний өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1 мВт буюу нэг дахин, харин өнөөдөр 2мВт-аар огцом нэмэгдэж ачаалалтай байна. 12 дугаар сарын 14-ний орой Говь-Алтай аймгийн 14 сум, Завхан аймгийн бүх сум эрчим хүчний хязгаарлалтад оржээ. Ачаалал нэмэгдсэнээс үүдэн Говь-Алтай аймгийн Цогт, Төгрөг гэх мэт суманд агаарын шугамд гэмтэл гарчээ. Цаашид ачаалал ийнхүү нэмэгдвэл оргил ачааллын үед буюу оройн 17:00-21:00 цагийн хооронд хэсэгчлэн хязгаарлалт хийнэ гэдгийг тус газраас мэдэгдлээ.

Иймд ард иргэдийг төрийн бодлого шийдвэрээ хүндэтгэн, эрчим хүчний хэрэглээгээ өмнөх хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй байх, цахилгаан халаагуур, цахилгаан их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг холбогдох албанаас мэдэгдлээ.

Хэрвээ хэрэглээ эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц, хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхаарууллаа.


Холбоотой мэдээ