Хятад Австралийн импортыг Оросын нийлүүлэлтээр орлоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-16 15:09:55

МОСКВА. /Kommersant/. Оросын нүүрс олборлогчид дэлхийн хамгийн том нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд Хятад, Австралийн хооронд үүссэн сөргөлдөөнийг овжноор ашиглах гэж яарч байна.


Тухайлбал, Оросын хамгийн том коксжих нүүрсний орд газар “Эльгауголь” Хятадын “GH-Shipping” хөлөг онгоцны оператор компанитай хамтарсан компани байгуулахаар болжээ. Компани Хятадад хийдэг нүүрсний нийлүүлэлтээ 2023 он гэхэд 1 сая тонноос 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, цаашид 50 саяд тоннд хүргэхийг зорьж байна. Түүнчлэн бусад нүүрс олборлогч компани Хятадад хийдэг нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа хэдий ч үнийн хөөрөгдлийг дэвэргэж байгаа нь урт хугацаандаа үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж байна.  


“Guohang Ocean Shipping” компанитай хамтран ажилласнаар Эльгийн нүүрсийг Хятадын зах зээл дээр сурталчлах, нийлүүлэлтийг хангах, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, Хятадын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, эцсийн хэрэглэгчдийг олоход тус болно хэмээн “Эльгауголь” компанийн мэдэгдэлд дурджээ. Төлөвлөгөөний дагуу 2020 онд хийгдэх 1-1.5 сая нүүрсний нийлүүлэлтийн хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн болгох аж.


Тийнхүү Хятад нь Эльгиний нүүрсний хамгийн том хэрэглэгч болох бөгөөд Эльгийн жилд олборлох нүүрсний хэмжээ нь 2023 он гэхэд 5 саяас 45 сая тоннд хүрэх төлөвтэй байна.


“Эльгийн коксжих нүүрсний нийлүүлэлт чанарын хувьд ижил Австрали, Америкийн нүүрсний нэлээд хувийг орлоно” хэмээн “Эльгауголь” компанийн ерөнхий захирал Александр Исаев ярьжээ.


Хятад, Австралийн хооронд үүссэн хурцадмал байдлыг Оросын нүүрс олборлогчид овжноор ашиглахыг зорьж байна. Хятадын Австралийн нүүрсний импортод албан ёсоор хориг тавьсан тухай “The Global Times” сонин 12 дугаар сарын 13-нд мэдээлжээ. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хороо бямба гарагт Австралиас бусад орны импортын нүүрсийг хязгаарлалтгүйгээр авахыг цахилгаан станцуудад зөвшөөрсөн байна. 


Тэр даруйдаа Австрали албан ёсны тайлбар авахыг хүсжээ. Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдэхдээ, Австралийн импортод хориг тавих нь Дэлхийн худалдааны байгууллага, чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг зөрчиж байна гэжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэхдээ, Хятад улс хууль тогтоомж, олон улсын туршлагын дагуу ажиллаж байна гэсэн байна. “The Global Times” сонин дээр гарсан энэхүү нийтлэл 12 дугаар сарын 15-ны өглөө устгагдсан байжээ.


Коронавирусний цар тахлын үүсэл, учир шалтгааныг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг Австрали уриалснаар хоёр улсын хооронд сөргөлдөөн үүсэх эхлэл тавигджээ. Тийнхүү Австралийн нүүрсний нийлүүлэлттэй холбоотой асуудал аль 10 дугаар сараас гарч эхэлсэн байна. Хятад Австралийн арвай, дарсанд гаалийн татвар ногдуулж, хэд хэдэн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавихын сацуу Австралиас нийлүүлэх төмрийн хүдрийн импортод хориг тавьж магадгүй гэх үед төмрийн хүдрийн үнэ 65 хувиар нэмэгджээ.


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 10 дугаар сарын эхээр БНХАУ-ын эрх баригчид хэд хэдэн эрчим хүчний компаниуд болон худалдаачдад Австралийн нүүрсний импортыг нэн даруй зогсоохыг чимээгүйхэн тушаасан бөгөөд үүний үр дүнд 500 сая ам.долларын ачаа боомтод гацаж, худалдаачид Орос, Индонезийн нүүрсний зах зээл рүү шилжиж эхэлжээ.

Холбоотой мэдээ