Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо мэдүүлэг өгөхөд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-18 14:41:44

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо парламентад мэдүүлэг өгөхөд бэлэн буйгаа мэдэгджээ. Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн түүнийг буруутгаад байгаа юм.


Абэ Шинзогийн нөхцөл байдалтай холбогдуулан Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като тайлбар өгөхөөс татгалзжээ. Парламентын урилгын талаар холбогдох шийдвэр гарсны дараа Засгийн газрын зүгээс үүнд хариу өгнө хэмээн тэрбээр хэлсэн байна.


Абэг парламентад дуудаж, мэдүүлэг авах санаачлагыг Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам гаргажээ. Тэрбээр оны сүүлчээр парламентын ээлжит чуулганы бус үеэр мэдүүлэг өгөх аж. Одоогийн Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газар олны шүүмжлэлд өртөхгүйн тулд ийм алхам авч байна. Абэ Шинзо 9 дүгээр сард албан тушаалаасаа огцорсон хэдий ч эрх баригч Либерал-Ардчилсан намын гишүүн хэвээр үлдсэн юм.


Японы Засгийн газраас сакура цэцэглэх үеэр жил бүр зохион байгуулдаг хүлээн авалттай холбоотой дуулиан одоог үргэлжилсээр байгаа бөгөөд энэ дуулианы төвд Абэ Шинзо оржээ. Өнгөрсөн оны ийм хүлээн авалтад эрх баригч Либерал-Ардчилсан намын маш олон дэмжигч, мужуудын намын хороодоос Ерөнхий сайдын ойрын хүмүүс уригдсан байна. 1952 оноос хойш зохион байгуулж буй энэ арга хэмжээнд ихэвчлэн Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг аж.

Холбоотой мэдээ