"Улаанбаатар өртөө" нүүрс, хүнсний барааг төмөр замаар тасалдалгүй дамжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-19 19:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бэлэн байдалд Сүхбаатар,  Замын-Үүд боомтод олон улсын болон дотоодын  авто тээвэр хязгаарлагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор ачаа тээврийг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна. 

Нөхцөл байдлаас үүдэн УБТЗ-ын тээвэрлэлтийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ. Гэвч төмөр замынхан ачааллыг бүрэн үүрч нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний барааг эхний ээлжинд тасалдуулалгүй тээвэрлэж байна. Энэ талаар бид өчигдөр УБТЗ-ын "Улаанбаатар өртөө"-н дээр очиж газар дээр нь сурвалжиллаа. Эхлээд бид өртөөний дарга Ц.Төрмөнхтэй уулзаж зарим зүйлийг тодруулав. 


-Төмөр замд, тухайлбал, төмөр замын гол зангилаа болсон "Улаанбаатар өртөө"-нд ачаа тээврийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ? 

-Ачаалал нэмэгдсэн. Гэхдээ төмөр замаар хийж буй ачаа тээвэр хэвийн явж, бид 24 цагаар тасалдалгүй гүйцэтгэж байна. УБТЗ нь Замын-Үүд, Чойр, Сүхбаатар, Дархан зэрэг 10 гол өртөөтэй. Үүнээс манай "Улаанбаатар өртөө"-гөөр Монгол Улсын болон олон улсын ачаа тээвэр дамжин өнгөрдөг гол зангилаа өртөө юм. Манайх нэг ээлжинд 50 ажилчинтай, хоёр ээлжээр нэг ажилчин 12 цагаар өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж байна.

Бид гол нь төмөр замаар тээвэрлэж буй бүх барааг будаа, гурил гэх мэтээр төрлөөр нь ангилж хуваарилах замаар сэлгэн зохицуулж дамжин өнгөрүүлэх ажлыг 24 цагаар хийдэг. Ер нь ачаалалтай холбоотойгоор тээшийн, чингэлэгт тээвэр энэ оны 11 дүгээг сарын байдлаар 7 хувиар өсөөд байна.




-Танайхаар ямар ачаа бараа голлон дамжиж байна вэ? 

-Эхний ээлжинд нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний барааг саадгүй зохицуулж тээвэрлэх үүрэгтэй ажиллаж байна. Энд мөн нөхцөл байдалтай холбоотойгоор эм, эмнэлгийн бараа, бүтээгдэхүүн, өвс тэжээлийн тээвэрлэлт эхний ээлжинд орж байгаа. 

Та бүхэн мэдэж байгаа энэ бол Монгол Улсын гол тээвэр. Ийм хүнд үед улс орны стратегийн гол бараа, бүтээгдэхүүний тээврийг тасалж болохгүй. Жишээ нь, нийслэл хотыг галаар хангах нүүрсийг бид 3 болон 4 дүгээр Цахилгаан станцууд руу тасралтгүй нийлүүлж байна. Уурхайнуудаас хоногт 300 орчим воган нүүрс ирж буйг хүлээн авч ямар ч саадгүйгээр шуурхай хүргэн буулгаж байна. 

Ер нь тээвэрлэлт, дамжин өнгөрөхийн ачаалал нэмэгдэхээс гадна воганууд ачаагаа буулгалаа гэхэд жишээ нь, суларсан хоосон воганууд нэг талдаа бөөгнөрч, үүнийг зохицуулах гээд ажил өмнөхөөс илүү ундарч, бид зохицуулан ажиллаж байна. 


Төмөр замын чингэлэгт тээвэр энэ оны 11 дүгээр сарын байдлаар 7 хувиар өсжээ.




-"COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор төмөр замчдыг тусгаарласан. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчээр тасалдсан уу?  Одоо хүн хүчээр хэр хангалттай байна вэ? 

-Тийм ээ, нэг үе төмөр замчид олноор тусгаарлагдсан. Жишээ нь, манай өртөөний хэмжээнд 79 хүнийг тусгаарласнаар одоогоор 16 ажилчин тусгаарлалтад, 3 хүн эмнэлэгт, 9 хүн гэрийн ажиглалтад гараад байна. Бусад 58 ажилчин тусгаарлалтаас бүрэн гарч ажил үүргээ гүйцэтгэж байна. Өчигдөр гэхэд манай 30 хүн ажилдаа ороод байна. Манай төмөр замын хэмжээнд 16 мянган ажилчинтай, 98 гаруй хувь нь "COVID-19"-ийн шинжилгээнд хамрагдаад байгаа. Тиймээс одоо ажилчин, ажиллах хүчээр тасалдаагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэв.


Тэрээр "УБТЗ тусгаарлагдаж буй ажилчдын цалинг бүрэн олгож, 0-16 нас хүртэл хүүхэдтэй болон өрх толгойлж буй төмөр замчны ар гэрийнхэнд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож, манай төмөр замчид санаа зовох зүйлгүйгээр ажил хөдөлмөрөө хийж, улс орны бараа бүтээгдэхүүнийг таслалгүй тээвэрлэж байна гэсэн юм. 


Галт тэрэгний найруулагч Э.Цотбаяр: Өвлийн 30 хэмийн хүйтэнд өдөр шөнөгүй 12 цаг ажиллаж буй нь үнэхээр л залуу насны дааж хийх ажил юм.



Бид УБТЗ-ын "Улаанбаатар өртөө-1"-ийн ачаа тээврийн зохицуулалтын "Дов" диспетчерийн төвөөр орж ажилчидтай уулзахад вагоныг зохицуулагч, галт тэрэг воганыг дагалдан явж зохицуулж буй найруулагч, галт тэрэгний аюулгүй байдлыг хангагч зэрэг ажилтан бүгд 25-35 насны залуучууд байлаа. Өвлийн 20-30 хэмийн хүйтэнд 24 цагаар ажиллаж буй тэдниийг харахад үнэхээр залуу насны ажил юм гэж зохицуулагч найруулагч Э.Цогтбаярын хэлсэн үг газар дээрээ батлагдаж байв. 

Тэд цар тахлын хүнд хэцүү цагт улс орноо, хүн амаа хүнсээр тасалдуулалгүй, гал алдуулахгүй байх үүрэг хүлээн ажиллаж байгаадаа бахархаж байгаагаа хэлж байв.

Төмөр замчид дотор хамгийн чухал үүрэг хүлээдэг хүмүүс нь галт тэрэгний зохицуулагч найруулагч залуус юм. Тэд ирж буй галт тэрэгний ачааг хуваарилах чиглүүлэх, буцааж явуулах зэрэг нарийн ажлыг хийдэг хүмүүс юм. Халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд нөхцөлд ажилладаг ч гэсэн тэд мэргэжил, ажилдаа үнэнч өөрсдийн үүргээ гүйцэтгэж буйг ажил дээр нь харлаа. 







Б.Болд

Гэрэл зургуудыг Н.Батбаяр


Холбоотой мэдээ