Цар тахлын үед стресс тайлах энгийн аргыг суралцах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-20 12:12:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалтын улмаас дэлхий дахинд цар тахлын стресс гэх шинэ томьёо үүссэн байна. Тиймээс бухимдлыг бууруулах энгийн аргаас суралцах шаардлагатайг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа тайлбарлав. 


СЭМҮТ-өөс манай улсын хүн амын дунд хоёр судалгаа явуулжээ. Эхний судалгааг нь залуу эмч нар хамтран 4000 гаруй хүнд явуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүст нойр, сэтгэл түгших асуудал түгээмэл гарсан байна. Ингэхдээ, сэтгэл гутрал нь явсаар амиа хорлох сэдэл төрсөн гэх дүгнэлт ч гарчээ.  Харин ХӨСҮТ-тэй хамран явуулсан судалгаагаар, хэвтэн эмчлүүлж буй хүмүүст мөн сэтгэл түгших, нойр өөрчлөгдөх шинж зонхилж байна. Тиймээс хүн амын дунд стресс тайлах ур чадварыг сургах ёстойг олон судалгаа харуулж байна. 


Нойрны өөрчлөлтийг хэвийн байлгахын тулд хоногт 7-8 цаг унтах хэрэгтэй. Сэтгэл түгшилтийг бууруулахдаа, стресс тайлах амьсгалын дасгалыг санал болгож байна. Ингэхдээ YouTube болон нийгмийн сүлжээгээр явж байгаа амьсгалын дасгалыг өөрийн амьдралын хэвшил болгож хэрэгжүүлэх нь чухал. Сэтгэл гутралаас гарахын тулд аливаа зүйлийг аль болох бодитой, эерэг талаас нь харах хэрэгтэй.  Энэ нь болж байгаа үйл явдалд эерэг хандлагатай болно гэсэн үг. Одоогийн нөхцөл байдлаар жишихэд, коронавирустэй хүн, өвчин тараагч гэх мэтээр хүнийг ялгаварлах байдал огт байж болохгүй гэдгийг хэлж байгаа юм" хэмээв. 

Холбоотой мэдээ