Хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс дэлхийн биомассаас давна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-12-25 16:31:22

ТЕЛЬ-АВИВ. /кр/. Хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс 1.1 орчим тератоннд хүрч, дэлхий дээрх бүх амьд биетүүдийн масстай /биомасс/ тэнцсэнийг Израилын эрдэмтэд тооцоолжээ. Эрдэмтдийн судалгааны талаар "Nature" сэтгүүл мэдээлсэн байна.


Сүүлийн 120 жилд энэ масс эрчимтэй нэмэгджээ. Судлаачид 1900-гаас 2020 оны хооронд хүний гараар бүтсэн хиймэл материалын массыг тооцоолж, дэлхийн биомасстай харьцуулжээ. Хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс нэмэгдсэн нь хотуудын хөгжил, хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Тоосго, бетон, асфальт зэрэг барилгын материалууд ийм массыг нэмэгдэхэд хамгийн их нөлөөлсөн байна. Хуванцар эдлэл ч мөн ихээхэн нөлөөлжээ. Зөвхөн хуванцар эдлэл гэхэд далайн болон хуурай газрын амьтдаас одоо хоёр дахин их жинтэй болсон бол дэд бүтэц, барилгуудынх мод, бутны нийт жингээс давжээ.


Хорьдугаар зууны эхэн үед хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс нь нийт биомассын 3 орчим хувьтай тэнцэж байсныг эрдэмтэд онцолжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, үйлдвэрлэлийн хурдац саарахгүй бол 2040 он гэхэд хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс гурван тератонн болж нэмэгдэх гэнэ.

 


Холбоотой мэдээ