Германд 60 мянга гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-31 12:46:13

БЕРЛИН. /DW/. Коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлснээс хойш  60 мянга гаруй хүн вакцин хийлгэлээ гэж Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдээлсэн байна.


Сайдын хэлснээр, тус улс BioNTech/Pfizer-ийн үйлдвэрлэсэн вакцинаас нийт 1.3 сая тун вакциныг он дуусахаас өмнө хүлээж авна. Түүнчлэн ирэх долоо хоногт “Moderna” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрнө гэж найдаж байна. Эхний ээлжинд тус компаниас 1.2 сая тун вакцин авахаар төлөвлөжээ.


Марбург хот дахь "BioNTech" компанийн үйлдвэрүүд хоёрдугаар сараас ажиллаж эхлэх бөгөөд зун гэхэд хүн амын 60-70 хувийг вакцинжуулах боломжтой болно гэж Германы Эрүүл мэндийн сайд үзэж байна.


Үүний зэрэгцээ тэрбээр одоо вакцины хомсдол үүсээд байгааг хүлээн зөвшөөрөөд хүлээцтэй, эв нэгдэлтэй байхыг германчуудад уриалав. Түүнчлэн халдвар авах эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад хандан вакцин хийлгэхийг уриалжээ.


Холбоотой мэдээ