Энэтхэг хоёр вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-04 10:39:48

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэж буй Энэтхэг улс коронавирусний хоёр вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрлөө.


Энэтхэгийн Эмийн хяналтын ерөнхий газар “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин болон дотоодын “Bharat Biotech” фирмийн бүтээсэн вакцинд тус тус зөвшөөрөл олгосон байна.


1.3 тэрбум хүн амтай Энэтхэг энэ онд эхний ээлжид 300 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна. Тус улсад 90 мянга гаруй эмнэлгийн ажилтныг вакцинжуулахад бэлтгэх сургуулилалт бямба гарагт болжээ. 


Дэлхийд улс орнуудаас халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдэж буй Энэтхэгт өнөөдрийн байдлаар 10.3 сая хүн халдвар авчээ. Мөн халдварын улмаас 150 мянга орчим хүн нас барсан байна.


AstraZeneca”, “Bharat Biotech”-ийн аль аль нь вакцинаа аюулгүй болохыг баталсан баримт бичгийг ирүүлсэн гэж Эмийн хяналтын ерөнхий газраас мэдээлжээ. Гэвч зөвшөөрөл олгох үйл явц ил тод явагдаагүй болохыг сөрөг хүчний улс төрчид болон зарим эмч шүүмжилсэн байна.


Oxford/AstraZeneca”-гийн вакциныг дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч болох “Serum” хүрээлэнд үйлдвэрлэж байгаа бөгөөд сард 50 сая гаруй тунг зах зээлд нийлүүлж байгаа юм.


“Холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосон тохиолдолд бид сарын үйлдвэрлэлээ 100 сая тунд хүргэхийг зорьж байна” гэж Энэтхэгийн “Serum” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла өнгөрсөн 11 дүгээр сард “BBC” сувагт мэдээлжээ.


AstraZeneca”-гийн вакциныг Цельсийн 2-8 хэмд хадгалах боломжтой тул бусад вакцинтай харьцуулахад түгээхэд хялбар юм. Хэд хэдэн оронд зөвшөөрөгдөөд буй “Pfizer/BioNTech” компанийн вакцины хувьд -70 хэмд хадгалах шаардлагатай нь зуны улиралд 50 хэмд хүрч халдаг Энэтхэгийн хувьд томоохон сорилт болж байгаа ажээ.



Харин Энэтхэгийн “Bharat Biotech” фирмд гарган авсан вакцины талаарх мэдээлэл дутмаг байгаа бөгөөд хэр үр дүнтэй нь тодорхойгүй байна. Эмийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр, “Bharat Biotech”-ийн “Covaxin” вакцин аюулгүй гэдгээ батлан харуулж, дархлааны хариу урвал үзүүлжээ.


Дэлхийн вакцины 60 орчим хувийг үйлдвэрлэдэг Энэтхэг 2021 оны долоодугаар сар гэхэд 300 сая орчим хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид эмнэлэг, онцгой байдлын ажилтнууд, эмзэг бүлгийн хүмүүст вакцин хийх ажээ.


Мөн Их Британи, АНУ, Европын Холбооны гишүүн орнуудад вакцин нь хэдийн бүртгэгдээд буй “Pfizer” компанийн хувьд Энэтхэгээс зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ.


Ташрамд дурдахад, Энэтхэгт 30 орчим вакциныг гарган авах ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ