Амралтын өдрөөр иргэдээ хүлээн авч уулзаж байх шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-07 11:57:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн бямба гарагийн 11.00-16.00 цагт аймаг, сумын Засаг дарга нар иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож байх шийдвэрийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гаргалаа.

Аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллах ба ингэснээр төрийн үйлчилгээ сайжирч, алба хаагчдын сахилга хариуцлага дээшлэн, иргэдийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон байна.

Иргэдээ сонсож, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд тусган ажиллах нь ардчиллын үндсэн зарчим бөгөөд сүүлийн жилүүдэд тус аймгийн хувьд энэ байдал бараг байхгүй байсан гэхэд болно.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр хийдэг “Аймгуудын өрсөлдөх чадвар”-ын үнэлгээгээр Дундговь аймаг 46,6 хувийн үнэлгээ авч 18-д жагссан байдаг.

Аймгуудын өрсөлдөх чадварыг дэд бүтэц, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг гэсэн дөрвөн бүлэг болгон авч үздэг ба тус аймгийн хувьд дэд бүтцээс бусад гурван үзүүлэлтийн хувьд 50-аас доогуур хувьтай үнэлэгдсэн байдаг.

Дундговь аймаг хөгжлөөрөө бусад аймгаас сүүл мушгиж байгаа нь чухамдаа “иргэдийн оролцоо”-той салшгүй холбоотой бөгөөд тэдний оролцоо нь иргэдийн өөрсдийн нь чадавхтай салшгүй холбоотой юм.

Тиймээс аймгийн эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг сайжрах нь “иргэдийн оролцоо”-ноос шууд хамаарна. Аймгийн Засаг дарга 2021 оны анхны захирамжаа ийнхүү иргэдээ сонсож, тэдний оролцоог нэмэгдүүлэхээр болсонд аймгийн иргэд талархан хүлээж авч байна. 

Холбоотой мэдээ