Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэгчдийн сүү цагаан идээ хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-07 15:52:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт зах зээлийн үнэлгээгээр малчдаас бэлтгэж ирсэн нэг литр сүү 3800 төгрөгийн үнэтэй байгаа бол эрчимжсэн мал аж ахуйн нэгжүүдээс нийлүүлдэг сүү литр нь 3500 төгрөг байна.

Тус аймаг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих зорилгоор сүүлийн хоёр жил газар эзэмшүүлжээ.

Тодруулбал Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан зэрэг долоон сумын 27 иргэн, аж ахуйн нэгжид гурваас 10 га газрыг сумын  ИТХ, Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжид сүү-махны хар тарлан, алатау, симменталь үүлдрийн эрлийз 400 гаруй үхрийг үржүүлснээр нэг үнээнээс жилд 1700-2300 литр сүү авдаг байна. Ингээд аймаг, сумын төвийн иргэд болон цэцэрлэг, сургуулийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хүүхдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж сүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж буй юм. Өнөөдрийн байдлаар хөл хориотой холбоотой цэцэрлэг, сургуульд сүү нийлүүлэлт зогссон хэдий ч иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Тиймээс сүү, тараг, ааруулыг зах зээлийн үнээс арай хямд борлуулах нь бидэнд маш чухал юм хэмээн эрчимжсэн мал ахуй эрхлэгчид хэлж байна. 

Өнөөдрийн байдлаар сүү цагаан идээ худалдан борлуулдаг худалдаачид, малчид нэг литр сүүг 3800, өрөм 18 мянган төгрөг, зөөхий 17 мянган төгрөг, аарц нэг кг нь 5000-6000 төгрөг, ааруул нэг кг нь чихэртэй, чихэргүй гэсэн сонголтоор 16-18 мянган төгрөгөөр тус тус борлуулж байна. Харин эрчимжсэн мал мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн цагаан идээний үнэ зах зээлийн үнээс даруй 300-500 төгрөгийн хямд борлуулж байна. 

Холбоотой мэдээ