Зээл олгоход цахим гарын үсэг хэрэглэнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-07 16:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахимжуулах явцад өнөөдөр тоон буюу цахим гарын үсэг нэвтрээд байна. Тодруулбал, ИНЕГ зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд байна. Тэгвэл зээл авах, олгох зэргээр банкны системд цахим гарын үсэг хэрэглэх байдал одоогоор хэрэгжиж эхлээгүй. 

Банк, санхүүгийн салбарт цахимаар гэрээ хэлцэл хийж, түүнийгээ баталгаажуулах хууль эрхзүйн орчин байхгүйгээс шүүх дээр энэ байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв цахим гэрээ, хэлцлийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болговол зээл олголт нэмэгдэнэ гэдгийг арилжааны банкууд илэрхийлж буйг Монголын Банкны холбооноос мэдэгдэж байна.


Тэгвэл энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өөрчлөгдөнө гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байна. 

Тодруулбал, цахим харилцааг албан ёсны болгохтой холбоотой хуулиудыг боловсруулж дууссан талаар ХЗДХЯ-наас мэдэгдэж байна. Цахим шилжилттэй холбоотой 4 том хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энд Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний аюулгүй байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль орж байна.


2021 оныг Засгийн газар цахим шилжилтийн болон энэ талын хууль эрхзүй, дэд бүтцийн бий болгох жил хэмээн үзэж буй.


 

Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр зөвхөн банк, санхүүгийн салбарт гэрээ хэлцэл хийхээр хязгаарлагдахгүй. Төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлж буй И-Монгол цахим сүлжээ бүрэн хүчин чадлаар ажиллах боломж бүрдэнэ. Мөн иргэд хоорондоо иргэний эрхзүйн арилжааг цахимаар, тоон гарын үсгээр хийх боломжтой болно гэж үзэж буйгаа мэдэгдэж байна. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хууль эрхзүйн орчинг боловсронгүй болгосноор цахим гэрээ хэлцэл, худалдаа наймаа хийх боломж бүрдэх нь. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ