Калифорнийн амьтны хүрээлэнгийн горилл мичнүүдээс халдвар илэрчээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2021-01-12 11:38:47

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр горилл мичнээс коронавирусний халдвар илэрлээ гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт мэдэгдэв.


“Одоогоор гурван амьтнаас халдварын шинж тэмдэг илэрч байна. Тэдгээрийг халдварын шинж тэмдэггүй ажилтнаас халдвар авсан гэж таамаглаж байна” гэж амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.


Эрдэмтдийн судалгаагаар хүнтэй төстэй амьтад вируст өртөмтгий болохыг тогтоогоод байсан хэдий ч аварга мич коронавирусээр халдварласныг илрүүлсэн анхны тохиолдол энэ болж байна.


Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр, гориллнууд сүргээрээ амьдарч байсан тул бүгд халдвар авсан байж болзошгүй ажээ. Халдвар илэрсэн хоёр горилл өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас ханиаж эхэлжээ.


Мичний сүрэгт хийсэн урьдчилсан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн үндэсний лаборатори даваа гарагт шинжилгээний хариу эерэг гарсныг баталсан байна.


"Гориллнуудад хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг илэрч байгаагаас бусдаар биеийн байдал нь сайн байна. Мичний сүргийг тусгаарласан бөгөөд хоол ундандаа сайн байгаа. Тэдгээрийг хурдан эдгэнэ гэж найдаж байна” гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Лиса Петерсон мэдээлжээ. 

Холбоотой мэдээ