Баянхонгор аймаг 3.8 сая гаруй мал тоолуулжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-14 19:52:57
Баянхонгор /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2020 оны жилийн эцэст Баянхонгор аймгийн мал сүргийн нийт дүн 3 сая 839.3 мянга болж, 2019 оныхоос 17.3 хувиар буурсан дүн гарчээ.
Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо 163.3 мянга, үхэр 254.8 мянга, тэмээ 55.5 мянга, хонь 1156.2 мянга, ямаа 2219.2 мянган толгой тоологдсон байна. Ингэснээр тус аймаг нийт малын тоогоор улсын хэмжээнд долдугаарт, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор 10-т, үхрээр аравт, адуу болон хониор 12-т тус тус орж байгаа аж.
Малын төрлөөр нь авч үзвэл аймгийн хэмжээнд тэмээний тоо толгойгоор Баянлиг сум, адуу болон хониор Галуут сум, үхрээр Эрдэнэцогт сум, ямаагаар Баацагаан сум тэргүүлж байна. Харин хамгийн олон малыг Галуут сум тоолуулсан бол Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан, Өлзийт сум удаалжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 90 шахам хувь нь бог мал бөгөөд нарийвчилбал, нийт малын адуу 4.3 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 1.4 хувь, хонь 30.1 хувь, ямаа 57.8 хувийг тус тус эзэлдэг байна.
Холбоотой мэдээ