Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-13 11:47:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Прокурорын газраас 2020 онд хяналт тавьж ажилласан нийт эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат өнөөдөр  мэдээллээ.


Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн онд 1132 гэмт хэргийн гомдол мэдээлэл болон 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан. Нийт хяналт тавьсан хэргийн 48.7 хувийг цагдаагийн байгууллага, 44.2 хувийг Авлигатай тэмцэх газар, 4.7 хувийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, 2.2 хувийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс шалгах ажиллагаа явуулсан.


Хяналт тавьж ажилласан нийт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 71 буюу 6.6 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг 281 буюу 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 37 дугаар зүйлд нэмэлт өөрчөлт оруулж, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хугацаа нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа.  Хэрэг бүртгэлт явуулсан 1184 хэрэгт хяналт тавьж, 30 хувь буюу 356-д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  34.7 хувь буюу 407 хэргийг хааж, одоо ажиллагаанд 405 хэрэг үлдсэн байна. Мөрдөн байцаалтын 651 хэрэгт хяналт тавьснаас 323 буюу 49.6 хувийг яллах дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлж, 1.8 хувьд түтгэлзүүлж 5 хувийг хэрэгсэхгүй болгосон.

Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн 214 буюу 32.8 хувийг авлига, албан тушаалын гэмт хэрэг, 231 буюу 35.4 хувийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байна” гэлээ.


Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн хэрэг 11.6 хувиар өссөн байна. Тодруулбал, 2019 онд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 685 хэргийн 328 хэрэг буюу 47.8 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж байсан бол 2020 онд 651 хэргийн 323 буюу 49.6-д нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр 323 шүүхэд шилжүүлсэн хэргээс  олны анхаарал татсан хэргийн шийдвэрлэлт явц, байдлын талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат мөн дурдсан юм.


Удаан хугацаанд шалгагдсан улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон цөөнгүй хэргийг 2020 онд шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой гэж яригддаг Д.Мөнгөншагай нарт холбогдох хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг бусдад хууль бусаар шилжүүлсэнтэй холбогдох хэрэг буюу Д.Эрдэнэбаттай холбогдох хэрэг, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Батзориг, Г.Солтан, Дамба-Очир, Д.Ундармаа  нарт холбогдох ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбогдох хэрэг, мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт холбогдох хэргүүдийг дурдаж болно.


Түүнчлэн олон үйлдэлтэй, олон яллагдагчтай, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй,  эдийн засгийн болон залиллах, мөнгө угаах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээс зарим хэргийг дурдвал, “Жаст” группийн Ш.Батхүү, “Өгөөжтэй өв” компанийн С.Чинбат нарт холбогдох хууль бусаар ашигт  малтмал олборлох хэрэг, БНХАУ-ын иргэн Лью Тен Хуа нарт холбогдох цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэг, 2012 оноос хойш шалгасан А.Урансайхан нарт холбогдох 56 хавтастай хэрэг, 2014 оноос хойш шалгагдсан Цагаандарь нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан хэрэг, Казахстан улсын иргэн Ж.Марат Маженов болон Монгол Улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтастай хэрэг.  Б.Мөнхтуяа нарт холбогдох 365 хохирогчтой хэрэг. 2012 оноос хойш бусдын эд хөрөнгийг залилсан Б.Гүррагчаа нарт холбогдох 35 үйлдэлтэй хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.


Холбоотой мэдээ