Б.Эрдэнэ-Очир: Алтай хотын иргэдийн усны хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдээгүй хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-14 12:25:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцан ажилладаг “Ундарга-Алтай” ААТҮГ-ын дарга Б.Эрдэнэ-Очиртой тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-“Ундарга-Алтай” ААТҮГ-ын үйл ажиллагааны тухай танилцуулбал? 

-“Ундарга-Алтай” ААТҮГ нь 1938 онд  “Хантайшир хийдийн артель”  нийтийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж ус түгээгүүр, сувагжилтын салбар гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан түүхтэй. 1990 онд “Ус суваг ашиглалтын анги” болж усан хангамж, ариутгах татуургын иж бүрэн инженерийн байгууламжийг ашиглалтад хүлээн авсан бөгөөд 2003 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ болж албан ёсоор мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болж байлаа. Улмаар 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлийн дагуу Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар болон өөрчлөгдөн Алтай хотынхоо хүн амд цэвэр ус хангамж, ариутгах татуурга, шугам сүлжээний ажлыг найдвартай ханган, 48 алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна


-Алтай хотын иргэдэд нэг литр усыг хэдэн төгрөгөөр хүргэдэг вэ? 

-Иргэдэд хүрэх усны үнийг манай байгууллага тогтоодоггүй. Мэргэжлийн олон талын судалгааны үндсэн дээр Усан хангамж, ариутгал татуурга, шугам сүлжээний зохицуулах зөвлөлөөс литр тутмын үнийг тогтоодог. Үүний дагуу манай байгууллага Алтай хотын гэр хорооллын иргэдэд нэг литр усыг гурван төгрөгөөр хүргэж байна. Харин орон сууцны хэрэглэгчдийн тухайд тариф нь харилцан адилгүй байдаг. Бохир, цэвэр усны суурь үнэ бодогддог.

Цэвэр усны хангамжийн эх үүсвэрийн зургаан худгаас Алтай хотын 18444 хүн ам, нийт 5200 өрхийг ундны цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажилагаагаа тасралтгүй явуулж байна. Ерөнхийдөө “Ундарга-Алтай” ААТҮГ нь БОАЖЯ-аас олзворлох усныхаа хэмжээг жил бүр тодорхойлж таван төрөл дээр авдаг. 2020 оны тухайд 500.000 м3 олзворлон ард иргэдэд түгээгээд байна. Манай байгууллагын нийт хэрэглэгчийн 2900 орчим нь гэр хорооллын өрх бөгөөд тэдэнд 22 худаг, гурван цистерн автомашинаар ундны цэвэр усыг түгээдэг. Тэдгээр 22 худгийн 8 нь зөөврийн, 14 нь шугамынх. Бүх худгаа ухаалаг системд шилжүүлсэн. Түүнчлэн 2223 орон сууцны өрх, 210 аж ахуйн нэгж, албан байгууллагын бохир усыг татан зайлуулж, цэвэр усаар хангаж байна. Орон сууцны өрхийн 53.7 хувь нь цэвэр усны тоолуурт холбогдсон. 


-Ус түгээх худгуудаа ухаалаг системд шилжүүлсэн гэлээ. Энэ системд шилжсэн нь ямар ач холбогдолтой вэ?

-“Ундарга-Алтай” ААТҮГ үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулах зорилгоор 2018 оноос худгуудаа автомат системд шилжүүлж эхэлсэн. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр нийт 22 ус түгээх байрыг автомат худаг болгоод байна. Ингэснээр хэрэглэгчид цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ усаа авах боломжтой болсон. Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай юм. Түүнчлэн иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй, картаа цэнэглээд усаа авах тул хэрэглэж буй усанд хяналт тавих боловсон хэрэглээг нэвтрүүлснээрээ онцлогтой. 

Ухаалаг худгийн карт эзэмшдэг 4784 хэрэглэгч байдаг. Эдгээрээс сард 1000 төгрөгөөр цэнэглэж усны хэрэгцээгээ хангадаг 72 өрх, 3000 төгрөгөөр цэнэглэдэг 1000 өрх, 5000 төгрөгөөр цэнэглэдэг 3338 өрх, 10000 цэнэглэдэг 435 өрх, 20000  төгрөгөөр цэнэглэдэг 29 хэрэглэгч байна.


-Монгол Улсын Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний усны төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1-ийг хүртэл хөнгөлөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн үү?

-Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Алтай хотын иргэдийн усны хэрэглээ нэмэгдсэн эсэхийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан. Одоогоор төдийлөн нэмэгдээгүй хэвийн байна гэж үзэж байгаа.

Тухайн хэрэглэгч тодруулбал, гэр хорооллын хэрэглэгч худгаас усаа авахдаа картаа уншуулах, орон сууцны хэрэглэгч тоолуурын заалтаа байцаагчид заавал тэмдэглүүлэх шаардлагатай. Ингэснээр усны хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл бүрдэх юм. Мөн орон сууцны өрхүүд өмнөх саруудын өр авлагаа барагдуулах шаардлагатай учир хариуцсан байцаагчтайгаа холбогдон түр журамд тусгагдсан шаардлагаа биелүүлэх ёстой гэдгийг онцгойлон анхааруулъя.


-Бохир усны ариутгал татуургын ажлыг ямар төлөвлөгөө зохион байгуулалтаар хийдэг вэ, шугам сүлжээний өнөөгийн байдал ямар байна?

-Шугам сүлжээний тухайд Алтай хотын хэмжээнд цэвэр усны 32,7 км, бохир усны 16,7 км шугам ашиглагдаж байна. 2010 оноос хойш цэвэрлэх байгууламжид МОН-1847, МОН-2301 гэсэн хоёр том төсөл хэрэгжсэн. Ингэснээр цэвэрлэх байгууламж 3000 м3 ус олзворлох хүчин чадалтай болсон. Гэсэн хэдий ч солих нэн шаардлагатай цэвэр усны 1,5 км, бохир усны 2,3 км шугам байна. Эдгээрийг шинэчлээд сольчихвол Алтай хотын хэмжээнд цэвэр усыг түгээх, бохир усыг ариутган цэвэрлэх ажилд тодорхой ахиц гарах ач холбогдолтой юм.

Жил ирэх тусам айл өрхийн тоо, хүн амын усны хэрэглээ нэмэгдэж байгаа учир хоногт 2000 м3 гаруй ус цэвэрлэх байгууламжид ирж байна. Бид долоо хоногийн тав дахь өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ авах, өдөр бүр нэг удаа хуурай  ариутгалын бодисоор урсгалын ариутгал хийж байна. Үүний зэрэгцээ Алтай хотод бохирын 1500 худаг байгаагаас 822 худаг нь манай нэр дээр байдаг. Харин үлдсэн 700 нь айл өрхүүдийнх хэдий ч манай байгууллагыг хариуцах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ нь бидэнд маш их ачааллыг үүсгэдэг. Иймд цаашид айл өрхүүд СӨХ-нд хариуцуулж асуудлаа шийдвэрлүүлж байхыг хүсье. 


-Одоогоор үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудал юу байна? 

“Ундарга-Алтай” ААТҮГ-т тулгамдаж буй гол асуудал бол айл өрх болон ААНБ-уудын усны алдагдал байна. Өөрөөр хэлбэл 2020 онд олзворлож байгаа усныхаа 57 хувийг алдаад байна. Усны алдагдалд нэгдүгээр бидний хяналтын тогтолцоо сул байгаатай холбоотой байна гэж үзэж байгаа. Дараа нь хэрэглэгчид задгайгаар усыг их хэрэглэж байна. Энэ нь усны хэмжээг мэдэхгүй алдагдалд хүргээд байгаа юм. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд илүү шугам их хэрэглэх, усны тоолуурыг оролдох зөрчлүүд байгаагаас үүдэн усны алдагдлыг үүсгэж байна. Иймд иргэд ухамсартай хандаж, усаа хэмнэн зөв хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. 

Мөн бохирын худгуудыг тагжуулах нэн шаардлагатай байна. Жил бүр аймаг орон нутгийн төсөвт тусгуулан худаг тагжуулах, дулаалах, стандартад нийцүүлэх ажлыг хийсээр байгаа. 2020 онд гэхэд нийт 100 ширхэг худгийг тагжуулсан хэдий ч таггүй худгууд байгаа. Бид энэ оны ажлын төлөвлөгөөндөө тагжуулах ажлыг тусгаад байна.

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ