Хомын талын бөхөнгийн сүрэг 100 гаруй толгой болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-01-13 17:53:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн намрын тооллогоор бөхөнгийн сүрэг 100 гаруй толгой бүртгэгдсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

-“Манай аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт буй монгол бөхөн нь анх 2010 оны үед 10 гаруй толгой байсан бол энэ намрын тооллогоор 176 бүртгэгджээ. Бөхөнгийн тархац нутаг болох Дөрвөлжин сумын нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа энэ өвөл цас их орж өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй юм. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн нь сайн үйл явдал ч. Хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон бий. Тиймээс тухайн бүс нутгийн иргэд, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорт байршиж байна

Дэлхийд зөвхөн Монголд байдаг Монгол бөхөн нь олон онцлогтой амьтан юм.

-“Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн Гайхамшигт Зургаа”-н амьтдын нэг юм. Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй Монголын унаган амьтан. Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан.


Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог. Түүнчлэн Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна. Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг. Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судаснууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг онцлогтой амьтан юм” гэж БОАЖГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ