Пентагон Хятадын өөр есөн компанийг хар жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-15 10:58:51

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн Батлан ​​хамгаалах яам тус улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын хар жагсаалтаа өргөжүүлснээ мэдэгджээ.


БНХАУ-ын цэргийн салбартай холбоотой гэж үзэж байгаа компаниудын хар жагсаалтад есөн компанийг нэмж оруулсан бөгөөд үүнд тус улсын арилжааны нисэхийн корпораци (COMAC) болон ухаалаг гар утас үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг болох “Xiaomi” багтжээ. "Шаардлагатай бол байгууллагуудыг нэмж оруулж, жагсаалтыг цаашид үргэлжлүүлэн шинэчилнэ" гэж Пентагон мэдэгдсэн байна.


Уг жагсаалтыг анх өнгөрсөн оны зургадугаар сард гаргаж, АНУ-ын Конгресст илгээсэн юм. Тухайн үед жагсаалтад “Huawei” зэрэг 20 компанийг оруулсан байсан бөгөөд дараа нь хэд хэдэн удаа шинэчилжээ.


Хар жагсаалтад багтсан компаниудад Америкийн хөрөнгө оруулалтыг хориглох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урьд нь гаргасан зарлиг үйлчилнэ. Энэхүү баримт бичгийн дагуу Америкийн хөрөнгө оруулагчид энэ оны 11 дүгээр сарын 11-ний дотор жагсаалтад багтсан компаниудын хөрөнгөөс ангижрах ёстой байна.


Холбоотой мэдээ