Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-01-15 15:22:23

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Үндэсний судалгааны технологийн их сургуулийн эрдэмтэд санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ.


Уг генератор нь секундэд найман гигабайтын санамсаргүй тоо үүсгэж, зөв эсэхийг нь шалгадаг байна. Эрдэмтэд шинэ төхөөрөмжөө санамсаргүй тоог маш олноор нь үүсгэх шаардлагатай байдаг криптограф, мэдээллийн технологи, шинжлэх ухаан болон бусад салбарт ашиглаж болно гэж найдаж байгаа аж. 


Орчин үеийн олон өгөгдлийг шифрлэх алгоритм, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг ажиллуулахын тулд санамсаргүй тооны генераторууд шаардлагатай байдаг. Сүүлийн хагас зууны туршид шинжээчид хэдэн арван алгоритм бүтээсэн бөгөөд үүний ачаар таамаглашгүй санамсаргүй тоонуудыг үүсгэх боломжтой боловч квант технологийн хөгжлийн ачаар жинхэнэ санамсаргүй утгыг бий болгож чадах төхөөрөмжүүдийг харьцангуй саяхан бүтээсэн билээ.


Анхны ийм төхөөрөмжийг Швейцарын квантын технологийн “ID Quantique” компани 2001 онд бүтээжээ. Улмаар эрдэмтэд секунд тутамд хэдэн арав, хэдэн зуун сая санамсаргүй тоо үүсгэх чадвартай улам боловсронгуй, нарийн төвөгтэй машинуудыг бүтээж эхлэв. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд ухаалаг гар утас эсвэл зөөврийн бусад төхөөрөмжид багтахуйц квант үүсгүүрүүдийн бяцхан хувилбарыг бүтээхэд гол анхаарлаа хандуулж байна.



Холбоотой мэдээ