Хирошимад өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-15 17:54:52

ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Хирошима мужийн нийслэл Хирошима хотод коронавирусний халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг хяналтад авахын тулд 800 мянган хүнд үнэгүй шинжилгээ хийхээр болжээ.


1.2 сая орчим оршин суугчтай Хирошима хотод “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд явуулж буй сайн дурын үндсэн дээр хийлгэх “PCR” шинжилгээнд Хирошима хотын төв дэх 600 мянган оршин суугч, 200 мянган ажилтныг хамруулахыг зорьж байгаа ажээ.


“Бид “PCR” шинжилгээ авах төвүүдийг өргөтгөх, шинжилгээний оношлуурыг шуудангаар тараах зэргээр өргөн хүрээг хамарсан шинжилгээг хэрхэн, хэзээ явуулах төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна” гэж Хирошима мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.


Мөн олон нийтийг шинжилгээнд хамруулснаар халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүй тул хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг байрлуулах зочид буудлын өрөөний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Японы 11 мужид одоогоор онцгой байдал тогтоогоод байгаа боловч Хирошима муж болон Хирошима хотод тогтоогоогүй байгаа юм.

Холбоотой мэдээ