УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Бид эх орондоо ирмээр байна" суулт зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-18 12:03:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Бид эх орондоо ирмээр байна" суултыг Төрийн ордны хоёр давхарт өнөөдрөөс эхлүүлж байгаагаа зарлав.


"Коронавируст цар тахалтай холбогдуулан гадаадад маш олон монгол иргэн нутаг буцах хүсэлтэй байгаа ч ирж чадахгүй байна. Хэдийгээр, зуны улиралд маш олон тусгай нислэг үйлдсэн ч сүүлийн үед огт нислэг байхгүй, товлосон нь цуцлагдаж байгаа. Үүнээс болж олон иргэний амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна" хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд тэмдэглэв. 


Тэрээр, ялангуяа БНСУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 4000 гаруй иргэнээс 1000 гаруй нь туйлын хүнд байдалтай байгааг тодотгов. Тэнд олон хүн өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд жирэмсэн, хүүхэдтэй, өвчтэй зэрэг иргэн эх орондоо ирэхийг тэсэн ядан хүлээж буйг санууллаа. Нэгдүгээр сарын 15-нд тусгай нислэгт суух өдрөө нас барсан тохиолдол гарсан хэмээн дурдаад, Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй гэлээ. 


ХЭҮК-оос гадаадад байгаа монголчуудын эрх туйлын зөрчигдөж байгаа талаар УОК-т шаардлага хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа мөн ҮАБЗ шаардлага хүргүүлжээ.


Түүний ҮАБЗ-д хүргүүлсэн шаардлагад,


  • Нэгдүгээрт, нутаг буцах хүсэлтэй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан олон иргэн БНСУ, АНУ, Турк зэрэг улсаас яаралтай татан авах ажлын зохион байгуулах, 
  • Хоёрдугаарт, буцах өдрөө хүлээж хоол хүнсгүй, амьдрах байргүй, консул, ЭСЯ-ны үүдний коридорт хоног өнгөрөөж байгаа олон иргэдийн асуудлыг анхаарах,
  • Гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож иргэдэд нээлттэй мэдээлэл өгч хүний эрхийг зөрчихгүй байхыг шаардсан байна. 

Тэрбээр мөн иргэдээс ирсэн захидлаас уншиж сонордуулав. Тухайлбал, "Турк улсад Монгол Улсынхаа нэрийг гаргахаар очсон 30 циркчин гацсан, маш яаралтай нутаг буцмаар байна" гэжээ. Мөн БНСУ-ын иммигрэйшний түр саатуулах байранд байгаа иргэний ар гэрийнхэн нь өлсгөлөн зарлаж байгаа монгол иргэдээ татан авахыг шаардсан захидал хүргүүлжээ. Зарим нь эхний ээлжинд өвчтэй, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсээ татан авахын шаардсан байв. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УОК, ЗТХЯ, ГХЯ-нд энэ асуудлаар долоодугаар сараас хойш 10 гаруй албан бичиг явуулсан ч дорвитой арга хэмжээ авахгүй, гадаадад байгаа иргэдэд санхүүгийн тусламж олгож байгаа, хоноглох байраар хангасан гэсэн хариу өгч байгаа аж. Гэтэл иргэд ЭСЯ-ны коридорт хатуу цаас дэвсэн хоноглож байгааг тэмдэглэж, суултыг нь иргэд дэмжихийг уриаллаа.

Холбоотой мэдээ