Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац хамгийн доод үзүүлэлтэд хүрч саарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-18 13:27:00

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний цар тахлын сөрөг нөлөөнд автсантай холбоотойгоор өнгөрсөн онд Хятадын Дотоод нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2.3 хувиар өссөн нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ.


Тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, өнгөрсөн оны IV улиралд эдийн засаг аажмаар сэргэж, ДНБ-ий өсөлт 6.5 хувьтай тэнцжээ. 2019 оны 10-аас 12 дугаар сард холбогдох үзүүлэлт 6 хувь байсан байна.


Өнгөрсөн онд Хятадын ДНБ 101.59 их наяд юань (одоогийн ханшаар 15.66 их наяд ам.доллар) давсан байна. Газар тариалангийн салбар 3 хувиар өсөж, 7.77 их наяд юань (1.19 их наяд орчим ам.доллар), аж үйлдвэр 2.6 хувиар өсөж, 38.42 их наяд юань (5.92 их наяд ам.доллар) болсон бол үйлчилгээний салбар 55.39 их наяд юаньд хүрч (8.54 их наяд ам.доллар), 2 хувиар өсжээ.


Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширч байгаа юм. 2017 онд ДНБ 6.8 хувиар өсөж байсан бол 2018 онд 6.6 хувь, 2019 онд 6 хувь болж буурсан байна.


Ажилгүйдлийн түвшин

2020 онд Хятадын хот суурин газруудын хүн амын дунд ажилгүйчүүдийн эзлэх хувь 5.2 хувь буюу өмнөх жилийн түвшинд хэвээр хадгалагджээ.


Тус улсын Үндэсний статистикийн газрын тайланд дурдсанаар, 25-59 насны иргэдийн ажилгүйдлийн түвшин 2019 оныхтой харьцуулах өөрчлөгдөөгүй бөгөөд 4.7 хувьтай гарсан байна. 2020 онд эрх баригчид 11.86 сая гаруй ажлын байр шинээр бий болгож, төлөвлөгөөгөө 131.8 хувиар биелүүлжээ.


Аж үйлдвэрийн үйлдвэрлэл

2020 онд Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.8 хувиар өсжээ. Уг салбарын үзүүлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд мэдэгдэхүйц хурдацтай өсөж 7.1 хувьд хүрчээ. Гуравдугаар улиралд 5.8 хувь байсан байна.


Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн хэдэн жил аажмаар саарч байгаа юм. 2017 онд 6.6 хувь байсан бол 2018 онд 6.2 хувь болж буурчээ. 2019 онд энэ салбар 5.7 хувиар өссөн байна.


Жижиглэн худалдаа

Хятадад өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 2020 онд 39.19 их наяд юань (одоогийн ханшаар 6 их наяд орчим ам.доллар) болж, 3.9 хувиар буурчээ.


Тайланд тэмдэглэснээр, хөдөө орон нутагт жижиглэн худалдаа 3.2 хувь, хот суурин газарт 4 хувиар буурсан байна.


Жижиглэн худалдааны хэмжээ буурсан хэдий ч онлайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 10.9 хувиар өсөж, 11.76 их наяд юань болжээ.


Иргэдийн орлого

Өнгөрсөн онд Хятадын нэг хүнд ногдох орлого нь коронавирусний цар тахлыг үл харгалзан 4.7 хувиар өсөж, 32189 юань (одоогийн ханшаар 4960 орчим ам.доллар) болсон байна.


"2020 онд Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, ажил эрхлэлтийн салбарт мэдэгдэхүйц амжилтад хүрсэн. Бид ядуурлыг арилгах үндэсний хэмжээний кампанит ажилд шийдэмгий ялалт байгууллаа" гэж Үндэсний статистикийн газрын танилцуулсан тайланд тэмдэглэжээ.


Газар тариалангийн бүсэд оршин суугчдын орлого 6.9 хувь, хотын оршин суугчдынх 3.5 хувиар өссөн байна.


Холбоотой мэдээ