Өмнөговь, Дундговь аймагт яваа отрын малчдаа эргэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-20 10:23:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж, отрын малчдаа эргэлээ.

Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Баянгол, Тарагт, Сант, Баян-Өндөр сумаас Өмнөговь аймагт 174, Дундговь аймагт 145 малчин өрх нийт 200 мянган толгой малтай оторлож явна.

Говийн аймаг гэлтгүй, цас ихтэй, хүйтэн, хүн, малын ундны ус ховор байгаа нь мал, малчдыг зутрааж байгаа боловч хөөгдөж туугдах дарамт шахалтгүй, малын хулгайгүй сайн талууд олон байгааг малчид хэлж байлаа.

Ажлын багийн зүгээс отрын малчин өрх бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээл, эмийн багцыг олгож, төр засаг, аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн мэдээллийг хүргэж, малчдынхаа санал хүсэлтийг сонсон тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, дөрөв хоног ажилласан юм.

Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нартай уулзаж, малчдынхаа талаар санал солилцлоо. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бусад аймгаас ирсэн отрын малчдыг хөөж туух, элдэв татвар хураамжаар дарамтлахгүй байхыг сумдынхаа удирдлагуудад анхааруулж байгаа хэмээн Р.Сэддорж дарга хэлж байсан бол Дундговь аймгийн Засаг даргын зүгээс “төрийн үйлчилгээг харьяа харгалзахгүй малчин бүрт хүргээрэй” гэсэн үүрэг даалгаврыг сумдын удирдлагууддаа өгч байгаа. Манай малчдаас ч зүүн аймгууд руу оторлож яваа болохоор отрын малчдын зовлон бэрхшээлийг ойлгож байна гэж байв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболдоор ахалсан ажлын баг Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт ажиллаж, отрын малчидтайгаа уулзалт хийж байна. 

Холбоотой мэдээ