Коронавируст халдварын 32 тохиолдол бүртгэгджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-20 11:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  13 318 хүнд шинжилгээ хийсэн байна.


Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянгол дүүргийн 12 хорооны  19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдварт өртсөн. Тухайн орцонд тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас нэгдсэн шинжилгээ хийх явцад 13 хүнээс коронавирус илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэн учраас оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төвд тандалт хийж байна. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд эхний байдлаар 600 гаруй хүнд халдвар илрээгүй. "Монос" эмийн сантай холбоотой тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрсэн. Нэгдүгээр амаржих газарт төрсөн эмэгтэйн гэр бүл таван хүнд коронавирус илэрсэн. Тус амаржих газарт тандалт судалгаа хийж, төрсөн ээж, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч нийт 357 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн зургаан хүнд коронавирус илэрсэн. Үүнд АТГ-ын нэг ажилтан байгаа. Гэр бүлийн хүнд нь коронавирус илэрсэн. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэв.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1568 болжээ. Үүнээс 1033 хүн эдгэрсэн бол 523 хүн эмчлүүлж байна.


Холбоотой мэдээ