Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 14:36:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, тус дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.


Ажлын төлөвлөгөөтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа асуудлыг засах зорилго бүхий хуулийн төсөл өргөн барих, мөн дэмжих чиглэлээ тодорхой болгох, сангийн эх үүсвэрийг нэмэх талаар талуудтай уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг тусгах саналаа хэлэв.


УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Дэд хороо жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогыг тодорхой болгохын зэрэгцээ бойжуулах чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түншлэлийн асуудлыг сайтар анхаарч, энэ асуудал руу тулж орох хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн том төслийг дагаж ямар жижиг дунд үйлдвэр хөгжих боломжтой гэдгийг тухайлан ярьж тодорхойлолт гаргах, дэмжлэгийг нь татгалзлахгүй өгдөг байх санал хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн байранд нь очиж танилцах санал хэлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дэд хорооны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах таван зүйл бүхий саналаа бичгээр гаргав.


Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын багаа байгуулж, Ажлын баг дээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гол бодлогоо маш тодорхой болгон, Засгийн газарт чиглэл өгөх талаар санал хэллээ. Ажлын багийг Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ