ЭМС-ын сайд С.Ламбаа Монхимо үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-06 14:31:28

ЭМС-ын сайд С.Ламбаа Багануур дүүрэгт ажиллах үеэрээ шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо эмийн үйлдвэрийн үйл  ажиллагаатай танилцлаа. 

Тус үйлдвэр нь  адууны яснаас гүн боловсруулж гарган авсан кальцийн бэлдмэлийг 10 гаруй жилийн туршилт, судалгааны ажлын үр дүнд хийж өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байна.

Адууны кальцийн бэлдмэл нь гадаад, дотоодын шинжилгээний олон лабораторид шинжлүүлж найрлага идэвхийг нь бүрэн батлагаажуулсан цэвэр биологийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Монхимо эмийн үйлдвэрийн захирал  М. Ариунаа  “Адууны яс нь бусад мал амьтны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон төрлийн органик бодис, уураг, коллаген, өсөлтийн гормон, микроэлементүүд болон эрдэс бодисоор нэн баялаг, шим тэжээл сайтай. Адуу нь хүнээс жингээрээ 3-4 дахин илүү боловч кальцийн хэрэглээгээрээ хүнээс 30 дахин илүү амьтан учир адууны ясны кальци нь яс төлжүүлэх чадвар асар өндөртэй. Энэхүү кальцийн бэлдмэлийг хүнстэй ижил бүтэц, найрлагатайгаар хийсэн тул шингэц сайтай, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг, нөлөө үзүүлдэггүй” хэмээн онцолж байв.

Тус компани нь Монголын Яс сийрэгжилтийн эсрэг нийгэмлэгтэй хамтран сийрэгжилт оношилгооны төвийг ажиллуулж хүн амын яс сийрэгжих өвчнийг оношлох, эмчлэх,  сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх гэсэн цогц бодлоготой үйл ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ