“Новости Монголии” сонины уралдаанд түрүүлсэн сурагч ОХУ-д тэтгэлгээр сурна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-01-21 13:31:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонин уламжлал ёсоор зохион бичлэгийн уралдаанаа зарлалаа. Энэ жил уг уралдааныг Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны мэдээллийн төвтэй хамтран хамтран “Холын мэт ойрхон сансар: Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ой” сэдвээр ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах юм. Хоёр үе шаттай болох уралдааны эхний үе шат буюу зохион бичлэгийг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна. Уралдааны II үе  шат 2021.2.25-наас 2021 оны 3 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилж шүүгчид уралдааны дүнг гаргана.


Уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах эрхээр шагнах юм. Харин хоёр болон гуравдугаар байр эзэлсэн сурагчийг цом, мөнгөн шагналаар урамшуулна.


Зохион бичлэгт тавигдах шаардлага:

  • Зохион бичлэг доод тал нь 3 хуудас / А4 цаас/  буюу хамгийн бага нь 900 үгтэй байна.
  • Times New Roman фондын  12-тын үсгээр бичсэн байх бөгөөр мөр хоорондох зай 1.5
  • Зохион бичлэгээ тусад нь  файлаар хадгалж илгээнэ
  • Зохион бичлэгийн сэдэв, овог, нэр, сургууль, анги, холбоо барих утсаа заавал бичнэ
  • Зохион бичлэгийг оросоор бичсэн байх
  • Интернэтээс хуулсан зохион бичлэгийг тооцохгүй
  • Дүрмийн алдаагүй байх

Зохион бичлэгийг 2021.1.25-2021.2.25-ны дотор delgermaa@montsame.gov.mn эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжиджавын гудамж-8 Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины редакцид гэсэн хаягаар явуулна. Мөн МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины редакцид авчирч өгч болно.


Уралдааныг зохион байгуулагчид шаардлага хангаагүй зохион бичлэгийг хүлээн авахгүй. Хоёрдугаар үе шатанд зохион бичлэг нь шалгарсан сурагчид ярилцлаганд оролцоно. Ярилцлага хэзээ, хаана болохыг цаг тухайд нь утсаар болон мэйл хаягаар мэдэгдэнэ.

Холбоотой мэдээ