Ж.Байден “COVID-19”-тэй тэмцэх үндэсний стратегиа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-22 10:06:11

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа эн тэргүүний зорилт болох коронавирусний цар тахалтай тэмцэх үндэсний стратегиа танилцууллаа.


Ж.Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш нэг хоногийн дараа буюу пүрэв гарагт танилцуулсан үндэсний стратегид вакцинжуулалтад эхний ээлжид хамруулах бүлгийг өргөтгөх, вакцин хийх газрыг шаардлагатай тоогоор нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.


Мөн бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт 100 сая тун вакцин хийх зорилт тавьжээ. Ж.Байден “COVID-19”-тэй хийж буй дэлхий дахины тэмцэлд АНУ-ын манлайллыг сэргээхийг зорьж байгаа бөгөөд АНУ вакциныг тэгш хуваарилах олон улсын санаачилгад нэгдэнэ гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна. .


Ж.Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирустэй тэмцэх бодлогыг эрс өөрчилнө гэдгээ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, АНУ дахь “COVID-19”-ийн нөхцөл байдал сайжрахаасаа өмнө дордож болзошгүйг ард иргэддээ анхааруулжээ.


Мөн “COVID-19”-ийн улмаас Америкийн 400 мянга гаруй иргэн нас барсан нь Дэлхийн II дайны үеийнхээс өндөр үзүүлэлт болохыг АНУ-ын Ерөнхийлөгч онцлон хэлээд, засаг захиргааныхаа стратегийг “дайны үеийн үүрэг амлалт” хэмээн тодорхойлсон байна.


Америкчууд хамтдаа зүтгэвэл үндэсний стратегийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг мөн онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр вакцинжуулалтад шаардагдах хангамжийн дутмаг байдлыг нөхөхийн тулд зохих арга хэмжээг авахыг Засгийн газрын агентлагуудад чиглэл болгосон, зарим нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүхийг шаардсан гүйцэтгэх зарлигуудад гарын үсэг зуржээ. 

Холбоотой мэдээ