Шинэ Зеландад сүүлийн хоёр сард анх удаа халдвар илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-25 12:34:05

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландад сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа коронавирусээр халдварласан тохиолдол илэрчээ.


"Арваннэгдүгээр сарын 26-наас хойш анх удаа бүртгэгдсэн халдварын тохиолдол нь Испаниас Шинэ Зеландад ирсэн 56 настай эмэгтэйгээс илэрлээ. Тэрбээр Окленд хотын тусгаарлах байранд байрлах үеэрээ халдвар авсныг эмч нар илрүүлжээ. Гэсэн ч халдварын шинж тэмдгүүд түүнд тусгаарлагдах байрнаас явж, гэртээ харьсных нь дараа илэрсэн байна” хэмээн коронавирусний халдварт өвчинд хариу арга хэмжээ авах асуудал хариуцсан сайд Крис Хипкинз мэдэгджээ.


Шинэ тохиолдол илэрснээр нэмж хязгаарлалтын арга хэмжээ авах шаардлагагүй хэдий ч эрх баригчид оношилгооны хурдыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны ажилтнууд халдвар авсан эмэгтэйтэй ойр харилцсан хүмүүсийг шалгаж байгаа аж.


Шинэ Зеландад халдварын 2288 тохиолдол бүртгэгджээ. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2199 хүн эдгэрсэн бол өвчний хүндрэлийн улмаас 25 хүн нас баржээ. Халдвар авсан 64 хүн эмчийн хяналтанд байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. 

Холбоотой мэдээ