ЕХ-нд үйлдвэрлэгдсэн вакцины экспортод ЕК хяналт тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-26 11:17:17

БРЮССЕЛЬ. /Коммерсант/. Европын Холбооны /ЕХ/ улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцины экспортод Европын Комисс хяналт тавих шийдвэр гаргажээ.


“ЕХ-ны коронавирусний вакцины экспорттой холбоотой бүхий л гүйлгээг бид бүрэн ил тод байлгахыг хүсэж байна. Цаашид ЕХ-нд вакцин үйлдвэрлэгч бүх компани гуравдагч оронд вакцин нийлүүлэхийг хүсвэл урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Экспортын ил тод байдлын механизмыг богино хугацаанд бий болгоно” хэмээн мэдэгдэлд дурдав.


Эрүүл мэндийн асуудал хариуцсан Европын комиссар Стелла Кириакидис даваа гарагт мэдэгдэхдээ, “AstraZeneca” компанийн вакцины нийлүүлэлтэй холбоотойгоор өгсөн тайлбарыг хангалтгүй гэж Европын Комисс үзэж байна гэжээ. Тодруулбал компани энэ оны эхний улиралд вакцин нийлүүлэлтийнхээ хэмжээг 60 хувиар бууруулах тухайгаа мэдэгдсэн байна.


Өмнө нь “Pfizer” компани мөн нийлүүлэлтээ эрс бууруулахаа мэдэгджээ. Тус компанийн вакциныг ЕХ хамгийн анх буюу өнгөрсөн 12 дугаар сард хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Нийлүүлэлт ихээхэн хэмжээгээр тасалдсаны улмаас Бельгид вакцинжуулалт удааширсан бол Итали “Pfizer”-г шүүхэд өгөхөө анхааруулжээ. 

Холбоотой мэдээ