Вакцин нь ахмад настнуудад үр дүн багатай гэх мэдээллийг “AstraZeneca” няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-26 12:38:58

ЛОНДОН. /Reuters/. Вакцин нь ахмад настнуудад үр дүн багатай гэх мэдээллийг Их Британи-Шведийн “AstraZeneca” компани  няцаагаад, ийм мэдээлэл тараах нь "маш буруу" гэж мэдэгджээ.


 “AstraZeneca” компанийн гарган авсан коронавирусний вакцин 65-аас дээш насны хүмүүсийн ердөө 8 хувьд нь дархлааны хариу урвал үүсгэж байна гэж Германы “Handelsblat” сонинд өмнө нь тус улсын эрх баригч эвсэл дэх эх сурвалжуудийн мэдээллээс иш татан бичсэн байна. Түүнчлэн “Bild” сонинд мэдээлснээр, Европын зохицуулах байгууллага уг вакциныг зөвхөн 65-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрнө гэж Германы Засгийн газар үзэж байгаа аж.


“AstraZeneca” компани дээрх мэдээллүүдэд хийсэн хариу мэдэгдэлдээ, Их Британийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хорооноос гарган авсан вакциныг нь ахмад настнуудад хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгийг дурдсан байна. Үүнээс гадна, эмнэлзүйн туршилтад оролцсон ахмад настнуудын цусны шинжилгээгээр дархлааны хүчтэй хариу урвал үүсэж байсан болохыг онцолжээ. “AstraZenecа”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан коронавирусний вакциныг Их Британид хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн оны 12 дугаар 30-нд олгосон юм. Уг вакциныг ЕХ хоёрдугаар сарын эхээр бүртгэх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ