Нийслэлийн Засаг дарга Унгарын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 18:25:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс 1950 онд дипломат харилцаа тогтоож, өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт, боловсролын салбарт өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа дурдлаа. 


Түүнчлэн, цаашид нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр Д.Сумьяабазар “МУИС-ийн Түүхийн ухааны доктор зэрэгтэй, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах болсондоо таатай байгаа”-г онцлов. 


 

Холбоотой мэдээ