Гэр хорооллын "ОО"-ыг шинэ стандартаар өөрчилнө

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-07 13:48:22

Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа дүн гарчээ.

 Хөдөө орон нутагт нийт хүн амын 25 хувь нь ариун цэврийн байгууламжгүй учраас ЭМСЯ, Нийгмийн Эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран өнөөдөр Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт”-ыг танилцууллаа.

Уг стандартыг 2016 оны 2 дугаар сараас мөрдөж эхэлсөн бөгөөд аж ахуйн нэгж, иргэд байгууллага болон хорооны ажилтан, сайн дурын идэвхтэн нарт зориулж 4 хувилбар бүхий "ОО"-ын загварыг танилцуулсан нугалбар бүхий санамж боловсруулан, монгол, англи хэлээр хэвлүүлжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан постерийг хэвлүүлж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Би зөв дадалтай” гарын авлага, иргэдэд зориулсан богино хэмжээний видеог бэлтгэн олны хүртээл болгохоор  ажиллаж  буй аж.

Энэхүү баталсан стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн, бага хэмжээний усаар зайлуулах, бордоожуулах, хуурайшуулах жорлон зэрэг 4 төрлийн жорлонг игэдэд санал болгож байна.

Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төвийн менежер П.Ариунаа хэлэхдээ, “Манай байгууллага 2014 оноос нүхэн жорлонгийн стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгтэй хамтран нийт 5 төрлийн "ОО"-ын хувилбарыг монгол орны цаг агаар, хөрсний нөхцөл, хүмүүсийн ёс заншил, дадал зуршилд тохирох эсэхийг туршсан. "Гэр хорооллын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл"-ийг сайжруулах төслийн хүрээнд стандартад зөвлөмж болгосон 4 бие засах газрыг агааржуулагчтай сайжруулсан нүхэн 200, хуурайшуулах 15, бордоожуулах жорлон 300 ширхэгийг барьж иргэдэд хүлээлгэн өгсөн. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөх, жорлон барих, түүнийг суллах, зайлуулах зэрэг цогц байдлаар шийдэх нь хамгийн үр дүнтэй” гэв.

Эдгээр 4 төрлийн жорлон соруулдаг, хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой бөгөөд үнэ өртгийн хувьд барилгын материалаас шалтгаалан 800 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж.

Ариун цэврийн байгууламж, орчин нөхцөл муу байгаагаас халдварт шар өвчин их гардаг учраас айл өрх бүр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ