Үндсэн дүрэм зөрчсөн үндэслэлээр С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс хасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-01 14:15:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ Үндсэн дүрэм зөрчсөн тул намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Энэ талаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцэж, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтыг зөрчсөн буюу намын эв нэгдлийг хангаагүй гэж үзжээ. Иймд тус үйлдэлд нь хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасны дагуу С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.


Мөн С.Эрдэнэ намын үндсэн дүрмийн 3.10.1.1 дэх заалтын дагуу огцорсон хирнээ 2021 оны нэгдүгээр сарын 8 болон 31-нд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлыг зарлах эрхгүй байсан гэж үзжээ. Түүнчлэн аймаг, нийслэл сум дүүргийн Ардчилсан намын тамга, тэмдгийг хүчингүйд тооцсон тушаал гаргасан нь үндэслэлгүй хэмээн Үндсэн дүрмийн хороо тогтоожээ. 


Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо ийнхүү намын дотоод дахь дүрэм зөрчсөн үйлдлдийг хянан шийдсэнээр намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл дахин гарахгүй болж буйг цохон тэмдэглэв.


Өнөөдрийн байдлаар, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж буйг онцоллоо.

Холбоотой мэдээ