Олон улсын симпозиумаас Мандалговийн тунхагийг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:11:59

Өнгөрөгч долоо хоногийн  сүүлчээр Мандалговьд хотод болсон “Иргэний оролцоо- Хөгжлийн бодлого” симпозиумаас Мандалговийн тунхагийг гаргасан байна.

Төвийн бүсийн аймгуудын ИТХ- ын төлөөлөгчдийн уулзалт зөвлөгөөн энэ удаа Дундговь аймагт болох товтой байсан бөгөөд тус аймгийн ИТХ зөвлөгөөнийг “Иргэний оролцоо- Хөгжлийн бодлого” сэдвийн дор олон улсын симпозиум болгон өргөжүүлж зохион байгуулсан юм.

Симпозиумд оролцсон төвийн бүсийн 8 аймгийн ИТХ- ын төлөөлөгчид энэхүү Мандалговийн тунхагийг  батлан гаргаж, иргэний оролцоог хангаж ажиллахад хэд хэдэн зарчмыг баримтлахаар тунхаг бичигт тодорхойлжээ.  

Тухайлбал, “Иргэний хөгжлийн бодлого”-оо  баталсан Дундговь аймгийн туршлага, санал санаачлагыг дэмжин улсын хэмжээний нэгдсэн бодлого, иргэний хөгжлийн тухай хууль санаачлан батлуулж,  иргэний оролцооны талаар хууль эрх зүйн нэгдмэл орчин бүрдүүлэх, аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэний танхимыг Иргэний хөгжлийн төв болгож өргөжүүлэх, шууд ардчилал, иргэдийн санаачлага, оролцоогоор олон улсад хэрэгжиж сайн үр дүнд хүрсэн үзэл баримтлал, арга туршлагаас үндэсний онцлогтоо тохируулан нутагшуулах, төрийн эрх барих болон орон нутгийнхаа төлөөллийн байгууллагыг сонгоход сонгуулийн насны иргэн бүрийг санаачлага,  хариуцагатай оролцуулж сонгуулийн ирцийг жигд нэмэгдүүлэх зэрэг 6 зарчмыг тунхаглажээ.

Энэхүү тунхаг бичгийн зарчмууд, хэрэгжүүлэх асуудлыг шийдвэр гаргагчдад уламжилж, үйл ажиллагааныхаа үндсэн чиг журам болгон ИТХ- ын хуралдаанаараа хэлэлцэж хөгжлийн бодлогыг тодорхойлж, иргэн бол  шийдвэр гаргагч гол хүн гэсэн ойлголтыг хэвшүүлж ажиллахыг уриалсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд