Дэлхийн банк: Төрийн албаны шинэтгэлийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албыг бэхжүүлэн төгөлдөржүүлж, чадавхжуулах шаардлагын талаар Дэлхийн банкнаас хийсэн судалгааны тайлан гарчээ.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга чадахуйн зарчимд суурилсан, улс төрийн хувьд төвийг сахисан илүү чадварлаг төрийн албыг бэхжүүлэх чиглэлд чухал алхам болсон хэдий ч шинэтгэлийг цаашид үргэлжүүлэх шаардлагатай байгааг Дэлхийн банкны судалгааны тайлан онцолжээ.
“Өндөр чадавхтай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” тайланд улс орон хөгжлийн зорилтоо хангахад төрийн албаны тогтвортой байдал, хяналт зохицуулалт, удирдлагыг сайжруулахын чухал байдагийг дурдаад, Төрийн албаны тухай хуулийн сүүлийн шинэчилсэн найруулга нь чадахуйн зарчимд суурилсан, төрийн албаны шатлан дэвших тогтолцоог баталгаажуулснаараа гүйцэтгэл сайтай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэхэд гол алхам болж чадсаныг онцлон тэмдэглэжээ.
“Монгол Улсын төрийн албаны үйл ажиллагааг сайжруулах хууль эрх зүйн үндэс суурь тавигдсан тул цаашид гүйцэтгэлийн үр дүн, үр ашиг сайжирна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ төрийн албыг улстөрөөс ангид, мэргэшсэн болгож бэхжүүлэхийн тулд зарим чухал, стратегийн болон техникийн хувьд амаргүй шийдвэрийг гаргаж, тууштай манлайлал үзүүлэх шаардлагатай байна" гэдгийг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.
Монгол Улсын төрийн албанд шилжилт хөдөлгөөн 2009-2012 онд ойролцоогоор 9 хувь байсан бол 2019 онд 22 хувь болж өсжээ.
Засгийн газар удаа дараа солигдох, чадахуйн зарчимд тулгуурласан тогтолцоо бүрдээгүйгээс үүдэлтэйгээр албан хаагчдыг халж сэлгэх нь төрийн албаны ард иргэдэд төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх ерөнхий чадварт сөргөөр нөлөөлж буйг тайланд дурджээ.
Сүүлд хийсэн хууль эрх зүйн өөрчлөлт нь төрийн албан дахь улстөржилтийг зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд хязгаарлах зохицуулалтыг давамгай оруулсан. Ингэснээр үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэдгийг тайлан өгүүлжээ. Чадахуйн зарчмын үндэс суурь ганхахааргүй бат бөх болсон цагт өөр өөр үзэл баримтлалтай засгийн эрх баригчид солигдоход төрийн албаны мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг алдагдуулахгүйгээр улс төрийн томилгоотой сайд нарын тодорхой хүсэл шаардлагыг хангахуйц хэмжээнд төрийн албыг зарим талаар уян хатан болгох зохицуулалтыг дунд эсвэл урт хугацаанд дахин нэвтрүүлж болох талтай.
Төрийн албаны зөвлөлийн хяналт зохицуулалтын болон гүйцэтгэх удирдлагын хоёрдмол чиг үүрэг ашиг сонирхлын зөрчил дагуулах магадлалтай байж болох тул төрийн албыг бүх түвшинд нь удирдах, хянан зохицуулах институцийн механизмыг шинжилж үзэх хэрэгцээ шаардлага буйг уг тайлан хөндөв.
Гэрэл зургийг Б.Чадраабал