Д.Хадагсүрэн: Бид хүүхдийн хувцас хийж байгаа учраас материалын чанарт онцгой анхаарч ажилладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-05 13:10:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд оёдлын үйлчилгээ явуулж буй 80 орчим иргэн, аж ахуйн нэгж бий. Үүнээс шинэлэг байдал, ѳнгѳний хослол, загвараараа ялгарч, Ховд аймагт анх удаа хүүхдийн хувцасны үйлдвэрлэл явуулж буй "Хадаг" брэндийг танилцуулж байна.   

Орон нутгийн ахуй үйлчилгээний салбарт бизнес эрхлэх олон боломж байгаа. Тэгвэл өөрийн сонирхлоо бизнес санаа, бодит ажил хэрэг болгон хөгжүүлж яваа залуу бизнес эрхлэгч бол "Хадаг" брэндийг санаачлагч Д.Хадагсүрэн аж. Түүний ажлын гараа, цаашдын зорилго, зорилтын талаар цөөн хором ярилцлаа.


-Ховдод хүүхдийн хувцас үйлдвэрлэж байна. Энэ ажлын эхлэл юу байв?

-Би Улаанбаатар хотод амьдарч байгаад Ховд аймагт бэр болж ирсэн. Эдийн засгийн эрсдэлийн шинжээч мэргэжилтэй. Зураг зурах, оёдол эсгүүр, загвар бол миний сонирхол (хобби) байлаа. Тэгээд "Хадаг" брэнд яагаад эхлэх болсон гэхээр би гурван жилийн өмнө хүүхдийн хувцас, тэр дундаа баривч урлаж байсан. Тухайн үед багийн найз минь ээж болсон тул найзыгаа баярлуулах, ямар нэгэн бэлэг өгөхийг хүссэн юм. Нэлээд бодож, эрж хайсан бөгөөд яг миний сэтгэлд нийцэх, оновчтой зүйл олдоогүй. Тиймээс өөрийн гараар баривч оёж,  бэлэглэсэнд найз минь үнэхээр сайхан, баяртай хүлээн авсан. Тэгээд л миний оёсон баривчийг хүмүүс олж харж, сонирхож, таалагдаж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайн үед маш олон захиалга орж ирсэн. Ийнхүү энэ ажлыг эхэлсэн түүхтэй.  

-Ховд аймагт албан ёсоор хэзээ ажлаа хэрэгжүүлсэн бэ?

-Яг Ховд аймагт бол өнгөрсөн оны 12 дугаар сард үйлдвэрлэл явуулахаар шийдвэр гаргаж, ажлаа эхнээс нь төлөвлөж, хэрэгжүүлэх замаар 2021 оны нэгдүгээр сарын дунд үеэс бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. Миний хувьд ээж болоод жил гаруй хугацаа болж байна. Эмэгтэйчүүд хүүхдээ асарч бойжуулах явцад нийгмийн харилцаанаас бага зэрэг хөндийрөх, орлого багасах, хэрэгцээ нэмэгдэж буйг анзаарсан. Тиймээс би гэртээ хүүхдээ асарч бойжуулж буй ээжүүдийг дэмжихийг хүссэн. Гэртээ хүүхдээ харангаа нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх зорилгоор "Хадаг" брэндийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийг эхлүүлсэн юм.

-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Одоогийн байдлаар гэртээ хүүхдээ хардаг хоёр ээжийг ажлын байраар хангаж, нэмэлт орлоготой болгож байна. Миний хувьд бүтээгдэхүүний шинэ загвар дизайн гаргахад анхаарч ажиллаж буй. Харин уран гарт, авьяаслаг ээжүүд (манай ажилтнууд) сэтгэл шингэсэн сайхан бүтээлээ гэртээ хийж байна.

-Танайх хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-"Хадаг" брэндийн хамгийн гол бүтээгдэхүүн бол дотроо ил оёдолгүй, хүүхдийн биед тухтай баривч (эрэгтэй/эмэгтэй) юм.  Мөн сүүлийн үед сар шинийн баярыг тохиолдуулан гоёлын болон куртикан дээл, үндэсний хэв шинж бүхий өдөр тутмын хувцас зэрэг долоо хүртэлх насны хүүхдэд зориулсан 4-5 төрлийн бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргалаа. Бид хүүхдийн хувцас хийж байгаа учраас материалын чанарт онцгой анхаарч ажилладаг. Мөн гол төлөв үндэсний хэв шинжийг баримтлахыг зорьж байгаа. Хэрэглэгчид үүнийг маш таатай хүлээн авч, Ховд аймаг төдийгүй Улаанбаатар хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.   

-Урласан бүтээгдэхүүнээ олон нийтэд хэрхэн танилцуулж, захиалга авч байна вэ?

-Бид бүтээгдэхүүнээ иргэд, олон нийтэд танилцуулах, хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор Ховдынхоо бага насны хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт хийж, загвар өмсгөж байна. Ингэхдээ бүтээгдэхүүний онцлогийг харуулсан зураг авалтыг мэргэжлийн хүмүүстэй хамтран зохион байгуулж, Khadag Kids Shop цахим хуудсаар дамжуулан олон нийтэд түгээж буй. Мөн захиалга, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Khadag Kids Shop” цахим хуудас, 9966-8755 утасаар лавлах боломжтой юм. 

-Цаашид үйлдвэрлэлийг хэрхэн өргөжүүлэх вэ?

-Бид дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, харилцаа холбоогоо сайжруулах, байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах чиглэлд анхаарна. Мөн ажлын байраа бэлдсэн учраас цаашид тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэрийн дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд зураг төсөл, загварыг цаасанд буулгасан байгаа. Хамгийн гол нь хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэх, чанартай бүтээгдэхүүн худалдах, тохилог орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс гадна үйлдвэрийн байрандаа 5-6 хүнийг авч ажиллуулах боломжтой гэж үзэж байна. Мэдээж гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдийг дэмжих, нэмэлт орлоготой болгох анхны зорилгоо хэзээ ч орхихгүй хамтарч ажиллана. 

-Ярилцсан баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Холбоотой мэдээ