АНЭУ-ын аппарат Ангарагийн анхны зургаа илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-02-15 13:03:38

ЭР-РИЯД. /BBC/. Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ Hope” сансар судлалын аппарат Ангараг гаргийн анхны зургаа илгээжээ.


АНЭУ-ын аппарат өнгөрсөн мягмар гарагт Улаан нүдэн гаргийн тойрог замд эхний оролдлогоороо амжилттай орсон юм. Ийнхүү АНЭУ сансрын аппарат нь Ангарагт хүрч очсон дэлхийн тав дахь, Арабын орнуудаасаа анхдагч улс болсон юм.  


Hope” Ангарагийн анхны зургаа илгээсэн нь түүхэн үйл явдал бөгөөд АНЭУ сансар судлалын салбарт оролцогч дэвшилтэт орнуудын тоонд багтсаныг харуулж байна гэж Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж Шейх Мохамед бен Заид Аль Нахайян “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Бид энэхүү аппаратаа Ангарагийн талаарх хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх шинэ нээлтүүдийг хийнэ гэж найдаж байна” гэж тэрбээр бичсэн байна.


Ангарагийн агаар мандлын анхны бүрэн зураглалыг бүтээх “Hope” аппаратыг шинжлэх ухааны гурван хэрэгслээр тоногложээ. Эдгээр хэрэгсэл нь Ангарагийн агаар мандлын өөр өөр давхаргуудын цаг уур, уур амьсгалыг судлахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах ажээ.


Hope” нь Ангараг руу өнгөрсөн долоодугаар сард хөөргөсөн гурван аппаратын нэг юм. Тухайн үед хөөрсөн АНУ-ын “Perseverance” хоёрдугаар сарын 18-нд Ангараг дээр буух бол БНХАУ-ын “Tianwen-1” өнгөрсөн лхагва гарагт уг гаргийн тойрог замд амжилттай орсон юм. Hope” Улаан нүдэн гаргийг тойрон эргэх бол “Tianwen-1” гаргийг тойрон эргэхийн сацуу дээр нь газардана. “Perseverance”-ийн хувьд мөн Ангараг дээр газардах ажээ. 

Холбоотой мэдээ