НҮБ-ын Хүүхдийн сан агаарын 10 компанитай вакцин тээвэрлэх хэлэлцээрийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-16 18:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх 10 гаруй компанитай “Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр”-ийг өнөөдөр байгуулж, гарын үсэг зурлаа. Агаарын тээврийн компаниуд “COVID-19”-ийн эсрэг вакцин болон эм, эмнэлгийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд зориулсан бусад чухал хэрэгслийг тээвэрлэх гэрээнд ийнхүү нэгдэж байна. Компаниуд вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд тэргүүний ач холбогдол өгч, шуурхай тээвэрлэх юм. Тус хэлэлцээр нь цаашид ч хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед ашиглах логистикийн нэгэн чухал механизм болж, тогтвортой ажиллах юм.  

Хэлэлцээр нь 100 гаруй улс орны агаарын тээврийн замыг хамарсан томоохон компаниудыг нэгтгэж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн энэхүү Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр нь COVID-19”-ийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийг  дэмжин ажиллах юм.

КОВАКС хөтөлбөрийн хуваарилалт, түгээлтийн урьдчилсан хуваарийн дагуу эхний ээлжид дэлхийн 145 улс орон дунджаар хүн амынхаа 3 хувийг 2021 оны эхний хагасаас эхлэн дархлаажуулах вакциныг хүлээж авна. Гэхдээ эдгээр улс орнууд тодорхой шаардлагуудыг хангаж, хуваарилалтын эцсийн төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой юм.   

Хэлэлцээрт хамрагдаж буй агаарын тээврийн компаниуд вакцин болон нэн шаардлагатай хэрэгслийн тээвэрлэлтийг хурдан шуурхай хийж, хадгалалтын горим, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээс гадна шаардлагатай чиглэлд нислэгийн тоо, хүчин чадлаа нэмэх үүрэг хүлээнэ.


Олон зуун сая хүний амь насыг аврах энэ чухал ачааг шуурхай, аюулгүй тээвэрлэх нь хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан тусламж үйлчилгээнд чухал дэмжлэг болох юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакциныг нийлүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулснаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэвийн горимд нь эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан вакцин, тариур, халдварын эсрэг хамгаалалтын хувцас, хэрэгслийн худалдан авалт, олон улсын тээвэрлэлт, улс орнуудын бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ