Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Үлээвэр хөгжмийн зэмсгүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-18 09:41:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэж байсан зэмсгүүд юм. Эдгээр хөгжмийн зэмсэг нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтдаг бөгөөд энэ удаад үлээвэр хөгжмийн зэмсгийг танилцуулж байна.

 

Үлээвэр хөгжмийн зэмсгүүд


Үлээх аргаар дуу аялгуу гаргадаг хийн эгшигтний аймгийн хөгжмийн зэмсэгийг үлээвэр хөгжмийн зэмсэг хэмээн нэрлэнэ. Тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бүрээ, бишгүүр, дун бүрээ, ганлин, гандан зэрэг нь хөгжмийн энэ төрөлд багтана.

 

Их бүрээ


Эрт үеэс сүм, хийдийн хурал номын үеэр ашиглаж ирсэн үлээх этгээд нарийн, доод анги бүдүүн, өтгөн дуутай үлээвэр хөгжим. Гууль, зэсээр дэлдэн үйлдэх бөгөөд үхэр бүрээ ч гэж нэрлэх нь бий. Урт учир хэд хэдэн хүн дамнаж мөрлөн тоглодог.

Бүрээ нь материалын хувьд олон янз байх бөгөөд зэс бүрээ, гуулин бүрээнээс гадна мөнгөөр урласан бүрээ ч байдаг аж. Мөн хэмжээгээрээ дунд бүрээ, үхэр бүрээ буюу их бүрээ, өчүүхэн бүрээ буюу цордон бүрээ гэх мэт уламжлалт олон зүйл бий.

Бүрээний ам өргөн бүдүүн, харин сүүл хэсэг нь нарийн байх бөгөөд гурван үе угсраа байдгийн ам тэргүүтэн, их биед буян бэлэг тэмдгийг алт, мөнгө тэргүүтнээр чимж хээлсэн байдаг. Дуугарах чимээ нь чанга сул байхын учир эр дуу, эм дуу гэж ялгадаг бөгөөд дууны аялгуу эгшиг нь адилгүй янз бүрээр нэмж гарсаар байна.

Бүрээг ихэвчлэн сахиусны хуралд ашиглах бөгөөд “Майдар эргэх”, “Цам”-ын үеэр ч хэрэглэдэг ажээ.

 


Цордон бүрээ


Цордон бүрээ нь сүм, хийдийн хурлын үеэр үлээдэг байсан ба их бүрээг бодвол хэмжээ бага, нарийхан, гууль ба зэсээр дэлдэж хийдэг үлээвэр хөгжмийн зэмсэг. Цордон бүрээг заавал хосолж үлээдэг байжээ.

 

 

Холбоотой мэдээ