Энэ жил Говь-Алтай Улиастайн хооронд хатуу хучилттай замтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-18 20:12:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт энэ жил хатуу хучилттай улсын болон орон нутгийн чанартай автозамуудын ажлыг эрчимтэй хийнэ гэж аймгийн Засаг дарга байгууллагын удирдлагуудтай уулзах уулзалтын үеэр дуулгалаа.

-“Энэ жил Улиастай-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусна. Нөмрөг сумыг Арц суурийн боомттой холбох. Говь-Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто зам, Улиастайг Завхан голын гүүртэй холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулна. Мөн “Нутгийн зам” төслийг хэрэгжүүлж зарим сумыг улсын чанартай авто замтай холбохоор төлөвлөөд байна.

Энэ жил улсын төсвөөр хийх авто замын ажлуудын төсөв хөрөнгө төсөвт суугдсан учир замын ажлууд саадгүй явна. Мөн шаардлагатай үед орон нутгийн зам давааг нээх, засварлах ажлууд ч хийнэ” гэж аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлэв.

Ташрамд Завхан аймаг нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй.  Тэгвэл энэ ажил БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгөөр олон шат дамжлагын дараа 2019 оны долоодугаар сард авто замын барилгын ажил эхэлсэн. Өнгөрсөн жил хатуу хучилттай авто зам барилгын ажил эрчимтэй өрнөснөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам ашиглалтад орж, Загастайн давааны замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Ингээд Загастайн давааны 30 км замын ажил үлдээд буй. Тус ажлыг хавраас үргэлжлүүлэн хийх юм.  

Холбоотой мэдээ