Он гарсаар 3800 гаруй иргэнд зөв дадал хандлага, дасгалын талаарх зөвлөгөөг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-18 22:08:14

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд “Ковид-19” халдварын эрсдэлийг бууруулахад эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлцгээе уриатай судалгаа хийжээ.

-“Улиастай сумын зургаан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн төвүүд хамтран насанд хүрсэн эрэгтэй үйлчлүүлэгчдээсээ судалгаа авсан. Энэ судалгаа нь эрүүл зөв дадалтай байх, буруу, хорт зуршлаас татгалзах нь "Ковид-19" халдварын эрсдэлийг бууруулахад тустай гэдгийг иргэдэд ойлгуулах, зөв дадалтай болгох зорилготой юм. Судалгааг нэг сарын хугацаатай нийт эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн болон утсаар, цахимаар зөвлөгөө авч буй 230 гаруй эрэгтэй хамрагдсан.

Судалгаанд оролцогчдын 70 хувь нь тамхи татдаг, архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэдэг гэсэн байв. Харин 90 хувь нь цусны даралтаа тогтмол хянадаггүй. Хүндээр өвдсөн тохиолдолд эмнэлэгт ханддаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг гэж 45 хувь нь санал өгчээ. Судалгаанд оролцогчдын 60 хувь нь 37-60 насны эрэгтэйчүүд байв. Тиймээс бид судалгааны дүнгээ нэгтгээд эрэгтэй үйлчлүүлэгчдийг “Ковид-19” халдварын эрсдэлтэй энэ үед цусны даралтаа тогтмол хянахыг зөвлөж байгаа. Мөн тамхинаас татгалзаж, архины хэрэглээгээ хязгаарлаарай. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, стрессээ зөв тайлж сураарай. Эрүүл зөв хооллож, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаарай гэдгийг уриалж, цахим орчинд болон ЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэддээ зөвлөгөө өгч байна. Ер нь “Ковид-19" цар тахлын улмаас олон хүн гэртээ байгаа энэ үед ДЭМБ-аас дасгал хөдөлгөөн болон суугаа зан үйлийн талаар шинэ удирдамж гаргаад байгаа билээ.

2020 оны 11 дүгээр сарын 26-нд албан ёсоор гаргасан энэхүү удирдамжид бүх насны хүн ам бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой, хөдөлгөөн бүр чухал болохыг онцолсон. Бүх насны хүн ам, түүний дотор архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс долоо хоногт багадаа 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх. Хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна” гэж Улиастай сумын Жинст багийн өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

Ташрамд тус сумын зургаан багийн Эрүүл мэндийн төвүүд цахим орчинд он гарсаар нийт 3800 гаруй иргэнд зөв дадал хандлага, дасгалын талаарх зөвлөгөөг хүргэжээ.   

Холбоотой мэдээ