"Дундговь хөгжинө" цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-02-19 18:52:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн уугуул залуучуудын санаачилгаар “Дундговь хөгжил” сэдвийн хүрээнд аймгийн удирдлагууд, нутгийн уугуул, суугуул иргэд,  залуучууд оролцсон хэлэлцүүлэг энэ сарын 18-ны өдөр цахимаар боллоо.

Дундговь нутгаа гэсэн сэтгэлтэй маш олон хүн холбогдон оролцож, хэлэлцүүлэг таван цаг гаруй үргэлжлэн ярилцлага өрнүүлжээ.

Тус хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг даргын 2021-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний товч танилцуулга, хөгжлийн дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийн мэдээлэл хийж, иргэд удирдлагуудаас хүссэн асуултаа асууж, санал хэлж, хариултуудыг дор бүр нь авч байлаа.

Анхны энэхүү хэлэлцүүлэг оролцоо сайтай болсон. Ирэх дөрвөн жилд аймаг орон нутагт хэрэгжүүлэх ажил, шинэ санал санаачилга, хэрэгжих төсөл хөтөлбөрүүд гэх мэт олон асуудлаар санал солилцсон байна.

Дундговь аймгийн хувьд ирэх дөрвөн жилд усан бассейн бүхий цогцолбор барих, уул уурхайд түшиглэж “Дундговь хөгжинө” Баялгийн санг байгуулж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах, цанын бааз бүхий “Мандалговь цэцэрлэгт хүрээлэн” байгуулах, жижиг дунд бизнесийг дэмжих төв байгуулах, дулааны цахилгаан станц барих гэх мэт бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлэхээр ярьсан байна.

Мөн уул уурхай бүхий аймгуудын ханган нийлүүлэлтийн чиглэлд ажиллах бизнесийг дэмжих, төрийн байгууллагууд орон нутгаасаа худалдан авалт хийх бодлого баримтлах зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцжээ.

Залуучуудын санаачилсан “Дундговь хөгжинө” клубийн хэлэлцүүлэг цаашид ч үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ