Сергей Диордица: БНХАУ, ОХУ-ын вакцинуудыг баталгаажуулахаар ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-02-22 18:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар "COVID-19" цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын талаар өнөөдөр 17.00 цагт мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улс “АстрЗенека, Файзер” болон урд хойд хоёр хөрш улсын гэсэн 4 төрлийн вакцин оруулж ирнэ гэдгээ мэдэгдэж, Засгийн газар вакцинжуулах төсвийг нийт 226 тэрбум төгрөгөөр баталж өгснийг хэллээ. Тэрээр маргааш, 2 дугаар сарын 23-наас эхлэн төр болон хувийн эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийнэ гэв.


Манай улс энэ оны II улиралд багтан хүн амын 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөөд байна.


Одоогийн байдлаар манай улсад дөнгөж оруулж ирээд буй “АстраЗенека вакциныг дэлхий нийтэд 42 улс хэрэглэж байна. Нийт 230 вакцин туршиж байгаагаас 62 нь эмнэлзүйн туршилтад орсон. Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэв

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, “Вакциныг үр дүн болон чанарыг харж баталгаажуулдаг. АстраЗенека болон Файзер вакциныг үр дүн хангалттай гэж үзэн ДЭМБ зөвшөөрөл олгож баталгаажуулсан. БНХАУ болон ОХУ-ын вакцинуудыг ДЭМБ эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг үнэлж баталгаажуулах ажлыг хийж байна. Энд цаг хугацаа орж, шаардагддаг. Ойрын хугацаанд баталгаажуулахаар ажиллаж байгаа бөгөөд тухай бүрд нь мэдээллийг өгнө” гэв

Холбоотой мэдээ