Австрали эмийн хомсдолд оржээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-24 13:44:09

СИДНЕЙ. /TASS/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор нийлүүлэлт багассаны улмаас Австрали улс жороор олгодог эмийн хомсдолд орсон байна.


Энэ тухай мэдээллийн “9News” цахим хуудаст Шинэ Өмнөд Уэльс дахь Австралийн Эмийн Нийгэмлэгийн тэргүүн болон тус улсын эмчилгээний барааны үндэсний газрын мэдээллээс иш татан бичжээ.


Хомсдолоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд гадаадад бүртгэлтэй, Австралид лицензгүй олон эмийг нийлүүлэхийг зөвшөөрсөн боловч "эрэлт хэрэгцээ их байгаа тул энэхүү арга хэмжээ нь Австралийн бүх өвчтнийг хэрэгтэй байгаа эмээр нь хангахад хангалтгүй байж магадгүй" гэдгийг тус улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг зохицуулах агентлаг хүлээн зөвшөөрчээ.


“9News”  цахим хуудаст мэдээлж буйгаар, 2020 оны нэгдүгээр сард цар тахал эхэлснээс хойш Австралийн эмийн сангуудад жороор олгодог эмүүд ихээхэн хомсдож эхэлсэн байна. Австралид ихээхэн эрэлттэй байдаг депрессийн эсрэг эмийн нөөц дуусаж байгааг эмчилгээний барааны үндэсний газраас анхааруулжээ. “Ийм эмүүдийн хомсдол дор хаяж хоёрдугаар сарын эцэс хүртэл, магадгүй дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна" гэж тус газар мэдэгдэлдээ дурдсан байна.


Депрессийн эсрэг эмүүдээс гадна даралтны эм, бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг эм, дааврын болон жирэмслэхээс хамгаалах эмийн хомсдол үүсээд байгаа аж. Австралийн олон эмийн сан инсулин зэрэг импортын хэд хэдэн эмийн худалдаанд хязгаарлалт тогтоожээ.


"Эмийн хомсдол цар тахлын эхэн үеэс хойш асуудал болж ирсэн. Харин одоо байдал коронавирусний халдвар анх тархсан үеийнхээс ч дор байна. Эхэндээ хомсдол хүмүүс сандралд автаж их хэмжээгээр худалдан авч байсантай холбоотой байсан бол одоо “COVID-19” дэлхий нийтээр эрүүлийн салбарт нөлөөлж байгааг бид харж байна, эдгээр нь улс орнуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийн үр дагавар юм" гэж Шинэ Өмнөд Уэльс дахь Австралийн эмийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Челси Фелкай “9News” цахим хуудаст ярилцлага өгөхдөө хэлжээ.


Холбоотой мэдээ