Хиллари Клинтон дэлхийн хуйвалдааны талаар ном бичнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-24 16:50:06

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Канадын алдарт зохиолч Луиза Пеннитэй хамтран “триллер” төрлөөр ном бичих гэж байгаа тухай “Simon & Schuster” хэвлэлийн газар мэдээлжээ.


“State of Terror” хэмээн нэрлэх номоо тэд 10 дугаар сарын 12-нд гаргахаар төлөвлөжээ. Зохиолын гол баатар нь урд өмнө өөрийнх нь өрсөлдөгч байсан Ерөнхийлөгчийн засаг захиргаанд томилогдоод удаагүй байгаа Төрийн нарийн бичгийн дарга байх аж. 


"Цуврал террорист халдлага гарч, дэлхийн дэг журам алдагдана. Шинэхэн Төрийн нарийн бичгийн даргад үхлийн аюултай хуйвалдаан буюу хамгийн чухал газруудад Америкийн Засгийн газрыг бодит байдал, эрх мэдлээс аюултай байдлаар холдуулах болгоомжтойгоор төлөвлөсөн схемийг илрүүлэх баг бүрдүүлэх үүрэг даалгавар өгнө" гэж хэвлэлийн газрын цахим хуудаст бичсэн байна.


“Олон улсын нууц явуулгын тухай энэхүү зохиолд зөвхөн дотор нь буй хүмүүсийн мэддэг нарийн ширийн зүйл дээр үндэслэсэн нүднээс далд явагддаг үйл явдлын тухай өгүүлнэ" гэж “Simon & Schuster” онцолжээ.


Энэ бол Клинтоны анхны ном биш юм. Тэрбээр “Юу болж өнгөрөв?” нэртэй гурав дахь дурсамжийн номоо 2017 онд хэвлүүлж, бестселлер болж байв.


Зохиолч Луиза Пенни нь детектив өгүүллэгүүдээрээ алдартай юм. "Ахлах байцаагч Гамаш" цуврал нь түүнд алдар нэрийг авчирчээ.


 


Холбоотой мэдээ