БНСУ-д үе тэнгийн дарамттай холбоотой дуулиан "ойн түймэр" мэт тархаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын мэргэжлийн гар бөмбөгийн
тамирчдаас үүдэлтэй үе тэнгийн дарамттай холбоотой дуулиан урлагийн салбарыг
чиглэж, “K-pop” уран
бүтээлчид, кино, телевизийн алдартнууд нэр холбогдож эхэлжээ.
Өнгөрсөн долоо
хоногт гар бөмбөгийн тамирчин ихэр эгч дүүс болох Ли Жэ Ён, Ли Да Ён нар ахлах сургуульд
байхдаа бусдыг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрснийхөө дараа “Pink
Spiders” багийнхаа бүрэлдэхүүнээс
хасагдсан юм.
Энэхүү явдлын
дараа мэргэжлийн бейсболын “Hanhwa Eagles”, “Doosan Bears” багийн хэд
хэдэн тамирчны эсрэг гомдол гарч, хожим нь урлагийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэр
холбогдох болжээ.
Тухайлбал, 2018
онд “Sky Castle” кинонд
тоглосон жүжигчин Чо Бюн Кюг Шинэ Зеландад сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдийг
хэл амаар доромжилж байсан хэмээн буруутгажээ. Гэвч түүний харьяа агентлаг уг
мэдээллийг няцааж, гомдол гаргасан хүн нь жүжигчнээс хүлцэл өчсөнийг мэдэгджээ.
Мөн 2020 онд
үзэгчдийн хүртээл болсон “Samjin Company English Class” кинонд тоглосон жүжигчин Пак Хэ Со, “Itaewon
Class” кинонд тоглосон Ким Дун Хи
нарыг сургуульд байхдаа зохисгүй үйлдэл гаргаж байсан талаар мэдээлэл гарсан
байна.
Үүний зэрэгцээ хөвгүүдийн
“Stray Kids” хамтлагийн
гишүүн Хюнжин, “Monsta X”
хамтлагийн гишүүн Кихюн, охидын “Loona” хамтлагийн гишүүн Чу зэрэг “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг 10 гаруй уран бүтээлчтэй холбоотой
мэдээллийг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд дэлгэжээ.
Хэдийгээр ийнхүү
нэр холбогдоод буй уран бүтээлчдийн харьяалагддаг агентлагууд ийм мэдээллийг
эрс няцааж байгаа боловч тэдний өмнө нь гаргасан зохисгүй үйлдлийн талаарх
мэдээлэл нийгмийн сүлжээнүүдэд "ойн түймэр" мэт тархах болсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, БНСУ-ын урлагийн салбарын олны танил хүмүүсийн талаарх дуулиант мэдээллийг дэлгэх нь шинэ үзэгдэл биш хэдий ч боловсролын тогтолцоонд үе тэнгийн дарамт байсаар байгаа тул ийнхүү эрчийг авах болжээ.
Засгийн газрын
саяхан явуулсан судалгаагаар, 2019 онд бага, дунд сургуулийн 100 сурагч тутмын
нэг нь сургууль дээрээ ямар нэгэн дарамтад өртсөн болохыг тогтоосон байна.
“Сургууль дээрх
үе тэнгийн дарамтыг зарчмын хувьд сургуулийн тогтолцоогоор шийдвэрлэх хэрэгтэй.
Гэвч холбогдох байгууллагууд сайн ажиллахгүй байна” гэж соёл судлаач Ким Хен Шик
мэдээлжээ.
“Солонгосын поп соёлын
нөлөө улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед шүтэн бишрэгчид алдартнуудаас өндөр ёс
зүйг шаардаж байна. Хүмүүс тэднээс өв тэгш ёс суртахуунтай байхыг хүсэж байна. Иймээс
энтертайнмент агентлагууд суралцагчдыг элсүүлэх шаардлагаа эргэн харах
хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.
Гэсэн хэдий ч Ким Хен Шик цахим сүлжээнд цацагдаж буй ийм төрлийн мэдээллийг үнэн зөв эсэхийг батлахад хэцүү байдгийг онцлоод, худал мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй гэдгийг дурджээ. Мөн аливаа үндэслэлгүй мэдээлэл нь залуу, шинэ уран бүтээлчдийн карьерийг үгүй хийх хэмжээний аюултай байдгийг тэмдэглэжээ.