Ахмадууд залуучуудад туршлагаа хуваалцсанаар цагаа үр дүнтэй өнгөрөөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-24 20:59:35

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Ахмадын хороон дээр ахмадуудын 10 баг хамтран ажиллаж иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг цахимаар өгч байна.  

-"Ахмадын сургаал алт" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Ахмадын хорооны дэргэд хүүхэд залуучуудад зөвлөн туслах 10 баг ажиллаж байна. Багууд аймгийн ахмадын ордноос сургалт мэдээллээр хангах сургалтын орчин, техник хэрэгслээр тохижуулж өгсөн өрөөнд сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Харин “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үед үйл ажиллагаагаа цахимжуулж явуулсан аж. Харин тус аймагт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах болсонтой холбогдуулан үйл ажиллагааг танхим, цахимын сургалт хослуулан явуулж эхэлжээ. Эдгээр зөвлөн туслах багууд эрүүл мэнд, спорт, нийгмийн хамгааллын салбар, боловсрол, соёл, урлагийн салбар, дэд бүтцийн салбар, ХАА, газар тариалангийн салбарын чиглэлээр зөвлөгөө өгч байна. Түүнчлэн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, хууль эрх зүйн салбар, санхүү, эдийн засгийн салбар, стресс тайлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж буй” гэж аймгийн Ахмадын хорооноос мэдээлэв. Ташрамд өнөөдрийн байдлаар аймгийн ахмадын хорооноос ахмадуудын зөвлөгөөг цахим орчинд нийт 7800 гаруй хүнд хүргэжээ. 

 

Ахмад малчдын туршлага залуу малчдад үнэтэй зөвлөгөө болдог

Завханы ахмадын хороо 2020 оны үйл ажиллагаагаараа улсад тэргүүлжээ.

Тэд шинийг санаачилж, ахмад үеийнхнийхээ мэдлэг, туршлага, боловсролыг залуу хойч үедээ өвлүүлэх сургах олон талын ажлыг санаачилж хийсэн аж.

Түүний нэг нь аймгийн 24 сумын ахмадуудаа түшиглэн мөн зөвлөн туслах баг бүрдүүлэн ажиллаж байна.-“Хөдөө сумдад буй малчдын зөвлөн туслах баг маш өвөрмөц үйл ажиллагааг санаачлан явуулж байгаа. Тухайлбал малчин ахмадууд гэхэд мал маллах арга ухаанаас залуу малчдад өвлүүлэх. Хурдан морь уях, малын өвчлөлийн үед уламжлалт аргаар хэрхэн эмчлэх гээд залуу малчдад сургаж буй. Эмэгтэйчүүд гэхэд залуу малчин эмэгтэйчүүдэд нутаг бүрийнхээ онцлогийг шингээсэн сүү сааль бэлдэх, малын арьс, ноос хөөврийг хэрхэн гар аргаар боловсруулах, эсгий хийхийг зааж сургаж байна. Ахмад малчдын туршлага залуу малчдад үнэтэй зөвлөгөө, туршлага, дэм болдог. Агрономич, тариаланч ахмадууд сумдад ногоо тарихыг зааж үлгэрлэж байх. Урлаг соёл, багш, малын эмч гээд төрөл бүрийн мэргэжилтэй ахмадууд хөдөөд тэр мэргэжлийнхээ арга туршлагыг л зааж өгч буй. 

Харин сумын төвд буй ахмадууд нь мэргэжил бүрийнхээ онцлог туршлагаас хуваалцахаас гадна төрийн үйлчилгээний чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, арга туршлагаасаа хуваалцаж байна. Салбар бүрд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадууд тухайн салбарынхаа онцлог, арга туршлага, санал, зөвлөгөөг залуучуудад өгч буй нь тэдний ажилд тус дэмтэй байгаа. Түүгээр ч барахгүй ахмадууд маань чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж практик туршлагаа залуучуудад зөвлөж, зааж өгөхдөө илүү их урам авдаг юм. Улсын хэмжээнд хорио цээр тогтоосонтой холбоотой дээрх багуудаас мэргэжил арга зүйн зөвлөгөөг онлайнаар авах боломжтой. Ахмадын хорооны ажилчид ахмадуудын зөвлөгөөг цахим орчинд лайв хийх, пост, мэдээлэл оруулах зэргээр тусалж хамтран ажиллаж байгаа” гэж тус тус мэдээлэл өглөө.

 

Холбоотой мэдээ