"COVID-19" халдварын 46 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-25 10:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  46 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  16 777 хүнд шинжилгээ хийжээ.


Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нэг хүнээс халдвар шинээр, батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрчээ. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 801 болжээ. Үүнээс 2097 хүн эдгэрээд байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  689 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ